Сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх чиглэлээр цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт ажиллалаа. Тус салбарын бодлого шийдвэр нийслэлийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж буй, тулгамдаж буй асуудлаа ярилцах, мэдээлэл, санал солилцох зорилгоор зохион байгуулсан энэ арга хэмжээн дээр тус газрын орлогч дарга Л.Буянтогтох холбогдох мэдээллийг өгөв.  

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль, 674 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд сургуулийн 340069, цэцэрлэгийн 104840 хүүхэд суралцаж байна. Өнгөрсөн хоёр  жилийн хугацаанд тогтоосон хөл хорионы улмаас сурлагын хоцрогдлын асуудал бий болсон тул хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлд цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Гэхдээ төрийн өмчийн сургуулиудын хувьд анги танхимын хүрэлцээнээс хамаарч үндсэн хөтөлбөрөөр хичээллэхээс гадна багш нар агуулгын хувьд л дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байгаа аж. Харин үүнд Нийслэлийн боловсролын газар арга зүйгээр ханган ажиллаж байгаа гэсэн юм. 

Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд 32 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.  Гэвч улсын эдийн засаг, хил, гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөний дагуу хэрэгжихэд хүндрэл учирч байгааг тэрбээр нэмж хэлэв.  Хэдийгээр сургууль, цэцэрлэг барихаар төсвийг нь  баталдаг ч газрын асуудал давхар яригддаг байна. Яг ийм шалтгаанаар одоогийн байдлаар 2 цэцэрлэг, 1 сургууль барих газрын асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа юм.   

Тэгвэл сургуулийн хоол  үйлдвэрлэлийг сайжруулах ажлын хүрээнд  бүх сургууль, цэцэрлэгийг өөрийн гал тогоотой болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.  Мөн энэ онд сургуулийн автобусыг 19 сургуулийг хамруулан 24 чиглэлд  явуулж байгаа аж. Харин төрийн болон хувийн өмчийн сургуулиуд өөрсдөө явуулж буй сургуулийн автобустай нэгтгэвэл нийт 171 сургуулийн автобус нийслэлийн хэмжээнд тодорхой маршрутаар суралцагчдад үйлчилж байна гэсэн үг. Сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн үнэлгээнд боловсролын байгууллагын гадаах тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг рүүгээ ирэх явган хүний зам,  гарц, орц, гэрлэн дохио…зэрэг олон асуудал хөндөгддөг.  Энэ байдлыг засах,  сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буйгаа ч  танилцууллаа. 

Харин  Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор  хэрэгжиж буй “School police”  арга хэмжээний хэрэгжилт  хангалттай сайн бөгөөд өдөр дунджаар 3500 орчим эцэг эх энэ үүргийг гүйцэтгэдэг байна.  Хүний хөгжлийн хорооноос өмнө нь Нийслэлийн боловсролын газарт долоон чиглэлд санал зөвлөмж хүргүүлсэн. Эдгээрийн хэрэгжилтийн талаарх тайланг  тус газрын орлогч дарга Л.Буянтогтох төлөөлөгчдөд танилцуулав.  

Шаардлагатай мэдээлэлтэй танилцсаны дараа төлөөлөгчид зарим мэдээллийг тодруулж, санал хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, төлөөлөгч Ү.Оюунзул хүүхэд хамгааллын асуудлаар  холбогдох субьектуудтэй хэрхэн хамтран  ажиллаж байгааг тодруулав. Ялангуяа эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж, үр  дүн ямар байгааг асуусан юм. Мөн үе тэнгийн хүүхдүүдийн дундах дээрэлхэлт, гадуурхалтыг зогсоох  бууруулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн болон зарим хороон дахь сургууль, цэцэрлэгийн хүртээмж, мөн шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын чанарын асуудлыг хөндлөө.  Харин Төлөөлөгч,  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын зөвлөх Б.Нэргүй боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тус тойргоос сонгогдсон улстөрчдийн санал, хүсэлт дээр тулгуурлаж бус  тодорхой судалгаан дээр үндэслэн шийдвэрлэж байх саналыг гаргасан юм.  Мөн дүүргүүдийн насан туршийн боловсролын төвийн багш,  боловсон хүчин, төсөв, сурлагын чанарт анхаарах шаардлагатайг сануулсан юм.  

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …