Төрийн албаны мэргэшсэн түшмэд дарга нарыг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИД эзэгнэжээ

2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон МАН мөрийн хөтөлбөрийнхөө “3.3.7-д Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших /мерит/ зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитой хэрэгжүүлнэ” хэмээсэн.
Гэвч сонгууль болсноос хойш 2.5 жил өнгөрч, МАН УИХ-д олонхи болж, Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа энэ зарчим цаасан дээр л үлджээ.
Түүнчлэн олон жил судалж, ярьж, нийгмийн хэлэлцүүлгийн хэмжээнд өрнүүлж байж 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуульд дээрх зарчмыг тусгасан боловч хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Саяхан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Ковидын хуулиар халхавчлан 2000 гаруй албан тушаалтнуудын томилгоо хууль зөрчигдөн томилогдсон” гэдгийг хэлж байв.
Өөрөөр хэлбэл 2022 оны 12 сарын 31 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон Ковидын хуулийн дагуу яамдууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, нийслэл, аймаг, дүүргийн ЗДТГ, нийслэлийн харьяа агентлагуудын дарга удирдлагууд дунд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн албанд нэг өдөр ч ажиллаж байгаагүй болон ажиллаж байсан ч тухайн албан тушаалд тавигдах шаардлага нөхцөлийг хангаагүй гишүүд, сайд, дарга нарын “цүнх баригч, найз нөхөд, сонгуульд нь хандив өгөгч” гэж хэлж болох олон зуун хүмүүс ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ нэрээр бараг 2 жил төрд ажиллан, төрийн мэргэшсэн албанд дур зоргоороо авирлан “бужигнуулж” байна.

Зүй нь бол энэ асуудлыг төрийн албаны зөвлөл анхааралдаа авч, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллах ёстой.
Үнэндээ иргэд Төрийн албаны зөвлөлийг төрийн албаны тусгай болон ерөнхий шалгалт зохион байгуулдаг байгууллага л гэж хардаг.
Гэтэл төрийн албаны зөвлөлийн гол үүрэг бол төрийн албаны чадавхийг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаанд хяналт тавих, төрийн албаны томилгоотой холбоотой зөрчлийг илрүүлж, томилсон албан тушаалтанд тухайн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх зэрэг олон үүргийг хуулиар хүлээж ажилладаг.

Харамсалтай нь төрийн албаны зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-аас тус бүр санал болгон томилдогтой холбоотойгоор энэ байгууллага хууль хэрэгжүүлэхээсээ илүүтэй нам дагаж намирдагаас болж Төрийн албаны зөвлөл үүрэгт ажлаа хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой болоод байна.
Нэгэнт үүрэгт ажлаа хэрэгжүүлж чадахгүй байгаа Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, төрийн алба гэдгийг “улс төрчид болон эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд тэднийхээ дэмжлэгтэйгээр очиж ажилладаг байгууллага” гэж үзэж болно гэдгийг Засгийн газраас нийтэд зарлачихсан нь дээр биз дээ.

М.Билиг

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    Чухам үнэийг хэлжээ

Comments are closed.