С.Батсайхан: Амралтын өдрөөр орсон борооны үеэр 3000 тонн гаруй ус соруулсан

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Үерийн эрсдэл үүссэн үед хэрхэн ажиллаж байгаа болон Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа.

-Өдгөө Улаанбаатар хотод хэдэн км ус зайлуулах шугам байна вэ. Цаашид хэд болгон нэмэгдүүлбэл хот усанд автахгүй байх боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Эдгээрийн арчлалт, цэвэрлэгээг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ жил бүр тогтмол хийж гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж төлөвлөсөн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой  гэж үзэж буй. Үүнийг 2040 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

-Өнгөрсөн бямба гарагт орсон борооноор хаана, ямар байршлууд үерт автсан бэ?

-Зургадугаар сарын 18-ны 19:30 цагаас зургадугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн хооронд Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус соруулах таван машин, бригад, 25 засварчин, таван инженер, техникийн ажилчид ажилласан. Нийт 3000 тонн гаруй усыг сорж зайлуулсан. Эдгээрээс хамгийн их асуудал үүссэн цэг нь Тахилтын замаас 22-ын товчооны нүхэн гарц хүртэл их хэмжээний үерийн ус хуримтлагдсан байдалтай буюу тус замаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Ийнхүү тус байршилд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар, Тохижилт, үйлчилгээний хэлтэс болон Геодези, усны барилга, байгууламжийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллалаа. Ингэхдээ хоёр ус соруулах машин, цагт 300-600 метр куб ус соруулах хүчин чадалтай хоёр насос ажиллуулж, хөдөлгөөнийг нээн хэвийн байдалд оруулсан.

-Үерийн улирал эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хэр хангасан байсан бэ?

-Бид шугам, хоолойны цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Үүний дагуу 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр шугам, хоолой цэвэрлэх ажлыг эхлүүлэн 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн алслагдсан зам, сувагтай хэсгүүд, нүхэн гарцын шугам хоолойг бүрэн цэвэрлэж, бэлтгэл ажил бүрэн хангасан байсны хүчинд эрсдэл багатай гарлаа гэж үзэж байгаа.

25 БАЙРШИЛД УС ИХ ТОГТОЖ БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН

-Ус зайлуулах хоолойг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Авто замыг барьж байгуулахдаа зураг төслийн норм, дүрмийн дагуу барилга угсралтын ажил хийдэг. Үүний дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газар авто зам барих ажлын эхний шатны зураг төслийн ажилд санал өгч, зөвшилцдөг. Хотын төв болон гол замууд дээр ус зайлуулах шугамыг бүрэн төлөвлөдөг хэдий ч гэр хороолол, алслагдсан болон зуслангийн бүсийн замууд гадаргуугаар усаа зайлуулдаг. Энэ байдлаас болж зарим авто замын хонхор хэсгүүд, төв шугам, гаргалгаа хоолой байхгүйгээс ус тогтох асуудал гардаг. Үүний нэг жишээ нь Тахилтын зам.

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын  судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байна гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад тогтсон усыг ус сорох машинаар соруулж, шуурхай бригад ажиллан хэвийн байдалд оруулж байгаа.

-Одоо хэдэн байршилд ус зайлуулах хоолойг засварлаж байгаа вэ?

-Эрлийн байр буюу Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 19-р хороолол, Хараагүйчүүдийн замын урд ус зайлуулах шугам угсралтыг хийж гүйцэтгэсэн. Өмнөх хоёр жилд бороо орсны дараа байнга усыг соруулж ажилладаг байсан асуудал бүрэн шийдэгдсэн. Мөн Ногоон нуурын зам буюу Сүхбаатарын талбайгаас хойшоо 7 буудал руу өгсдөг шинэ зам дагуу, Хангай хотхоны уулзварт шугам угсралтыг гүйцэтгэлээ. Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 12-р байрны урд талбайд их хэмжээний ус тогтож байгаа гэх дуудлага мэдээлэл нэлээдгүй ирдэг байсан бөгөөд тус байршилд шугам угсралтын ажил хийсэн.

-Туннел болон нүхэн гарцад ус их хэмжээгээр үерлэдэг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Манай байгууллагаас 2019, 2020 онд Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, усаа хэвийн соруулбал тус нүхэн гарцад ус тогтохооргүй болсон. Одоо Тахилтын нүхэн гарцыг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлж байгаа.

2000 ГАРУЙ ӨРХ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН

-Үерийн аманд буусан айл өрхийн судалгааг гаргасан уу?

-Иргэд үерийн эрсдэлтэй бүс нутгийг сайн мэдэхгүйгээс болж, эсвэл дур мэдэн үерийн аманд бууснаар үер усны эрсдэлд өртөж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас жил бүр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг гаргадаг. Манайхаас ч мөн судалгаа хийдэг. Одоогоор 2000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан гэх судалгаа бий. Эдгээр айл гол горхи, булаг шандын голдиролд ган гачигтай, эсвэл урсацгүй болсон үед нь эрсдэлгүй гэж үзээд буудаг. Геодези, усны барилга, байгууламжийн газраас эдгээр өрхөд зохих шатны арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

-Танай байгууллагын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

-Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд үер усны бүх дуудлагыг авч, шаардлагатай арга хэмжээг үзүүлэн ажилладаг. Мөн зам талбайн ус зайлуулах болон далан сувгийн эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллах чиг үүрэгтэй. Манайх 141 хүний орон тоотой. 1.6 сая хүн амтай нийслэлд 141 хүний орон тоогоор ажиллана гэдэг бол маш хүндрэлтэй. Дуудлага, ачаалал ихтэй, үер усны эрсдэл ихээр үүсдэг улиралд машин механизм, хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 онд манай байгууллагын тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн. Цаашид ч нэмж шийдэхээр зорин ажиллаж байгаа. Энэ мэтчилэн машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлээд байвал үер усны эрсдэлийг бүрэн арилгаж чадахуйц болно.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …