“Өсвөрийн циркчдийн V их наадам” боллоо

Монголын циркчдийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “Өсвөрийн циркчдийн V их наадам” тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

“Өсвөрийн циркчдийн V их наадам” нь Монгол цирк үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болж байгаа бөгөөд шинэ залуу уран бүтээлчдийг шалгаруулж, тэдний ур чадвар, авьяас билгийг нээн илрүүлэх, циркийн урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудыг ёс зүй, гоо сайхны төлөвшилтэй болгох, өөрсдийн хичээллэдэг баг хамтлагийн ажлыг дүгнүүлж, бие биенээсээ харилцан туршлага судлан гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцох анхны алхмаа нээж байдгаараа онцлогтой юм.

Энэхүү наадмыг энэ жил Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Дорноговь аймгаас циркийн урлагаар хичээллэдэг 6-18 хүртэлх насны 114 хүүхэд, залуучууд, 18 багш, 14 хамтлаг, студи оролцлоо.

Улаанбаатар хотоос 96 хүүхэд, 13 багш, Эрдэнэт хотоос 11 хүүхэд, 3 багш, Дархан хотоос 4 хүүхэд, 1 багш, Дорноговь аймгаас 3 хүүхэд, 1 багш тус тус оролцов.Тэмцээнийг 6-12, 13-18 насны ангиллаар шалгаруулав.


Тэмцээний Гран при шагналаар Янжинбилэг багштай Пирамид студийн “Даавуутай тэнцвэр”, 1-р байрын шагналаар ахлах насны ангилалд Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Норовсамбуу багштай “Хүн сарнай” хамтлагийн “Хос уран нугаралт”, бага насны ангилалд 1-р байрын шагналаар Эрдэнэцэцэг, Алтанцэцэг багштай “Цэцэгс” хамтлагийн “Уран нугаралт” / 8 хүүхэдтэй /, 2-р байрын шагналаар ахлах насны ангилалд Т.Буд багштай Мэргэжлийн уран нугаралтын холбооны 35 хүүхдийн уран нугаралт, бага насны ангилалд 2-р байрны шагналаар Буриад Улсын Гавъяат жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэлэнгэ багштай “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн 22 хүүхэдтэй уран нугаралт, 3-р байрын шагналаар ахлах насны ангилалд Отгонбаяр багштай Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын цирк ангийн “Дээсээр наадагч”, бага насны ангилалд 3-р байрын шагналаар Энхчимэг багштай “Zola Bros Circus”-ийн “Бамбар” уран нугаралт шагнагдлаа.

Санал болгох мэдээ

Г.Амгаланбаатар: Автомашины зогсоолгүй болсны улмаас үзэгчдийн тоо буурсан

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид театрын гаднах автомашины зогсоол, орц, гарц, газрын асуудлаар Хотын …