Монгол Банкны Ерөнхийлөгчид “хөлдөөгч” авч өгье

Монгол төгрөгийн ханш өдөр ирэх тутам буурч, 1 ам доллар албан бусаар 3200 төгрөг хэдийнээ давчихлаа. Иргэд жилийн өмнө 1 ширхэг талыг 1300 төгрөгөөр, 1 литр А92 бензинийг 2700 төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо нэг ширхэг талх 1550, литр бензин 2930 төгрөг болчихлоо. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, төгрөгийн ханш өдөр ирэх тутам суларч байна.

УИХ-ын индэр дээрээс зарим гишүүд Монгол банкны ерөнхийлөгчид хандан валютын ханш Монголбанк, бусад банк, ченжийн гэсэн гурван өөр өртөгтэй болчихоод байхад Монголбанк арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгааг онцоллоо.

Монголбанкны үндсэн зорилт нь хуулиараа үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог.

Монголбанкны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд:

1/мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах;

2/мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

3/Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;

4/банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих;

5/үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;

6/гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах;

7/банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

8/макро зохистой бодлого хэрэгжүүлэх гэж заажээ.

Тэгвэл Монголбанк энэ үүргээ хэрхэн биелүүлж ажилласан вэ гэдгийг иргэд та бид өөрсдийн амьдрал дээр мэдэрч байгаа.

Орос-Украйны дайны хөлөөс дүрвэсэн, жийрхсэн, ашиг хонжоо хайсан оросууд Монголд орж ирээд доллар зэрэг валютыг их хэмжээгээр авч гарснаас болж Монголдоо долларын данстай иргэд нь өөрсдөө доллараа захиран зарцуулж чадахгүйд хүрсэн үйлдлийн буруутан нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнөөсөө мөн.

Нэгэнт Монголбанк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнийг удирдаж буй Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа хэрэгжүүлж чадаагүй бол түүнтэй хариуцлага тооцох асуудлыг зайлшгүй ярих ёстой.

Валютын ханшийн нөөцийг зөв зүйтэй удирдаж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг гаргаж хэрэгжүүлж чадаагүй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд иргэдийн зүгээс “хөлдөөгч” авч өгье.

Ядаж өдөр бүр ханш нь өсөж, тэр хирээр монгол төгрөгийн худалдан авах чадварыг унагаж байгаа ноён долларыг “хазаарлаж” чадахгүй юм бол “хөлдөөж” байг хэмээн иргэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд захиж хэлэх болжээ.

М.Билиг

Холбоотой мэдээлэл

Comments are closed.