И.Баатархүү: “Улаанбаатар марафон-2022” тэмцээнд Кени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид оролцоно

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна. Олон улсын марафон гүйлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:

-“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэд өдөр тутам биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой уралдаан юм. Энэ жилийн уралдаанд гадаадын 15 орны 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад, манай улсыг зорин ирж байгаа юм.

Марафонд оролцогчид 5000 м, 10000 м, хагас болон бүтэн марафонд гүйх юм. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно. Тиймээс тамирчдын хувийн мэдээллийг урьдчилан цахим программд оруулах шаардлагатай тул оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл  бүртгэнэ. Маргааш, нөгөөдөр буюу тавдугаар сарын 26, 27-нд бүртгүүлсэн иргэдэд “Хай Пэймэнт Солюшнс”ХХК-аас энгэрийн тэмдэг, чипийг тарааж өгнө.

Түүнчлэн“Улаанбаатар марафон-2022” гүйлт болох өдрийг нийслэлд “Автомашингүй өдөр” болгосон. Аль замуудын хөдөлгөөнийг хязгаарлах талаарх мэдээллийг www.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас үзэх боломжтой.

 Марафоны нээлт 09:30 цагаас Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн өмнө урлагийн тоглолт болж, нээлтэд нэр хүндтэй тамирчид оролцох юм гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.