Г.Барсбаатар:ЦДБЭЧ-ын алдарт 60 харын үргэлжлэл, Энхийг сахиулагч Монгол цэрэг гэдгээрээ үргэлж бахархдаг

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Барсбаатартай ярилцлаа. 

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой”-н баярын мэндийг хүргэе.

-За баярлалаа. Танай сайтын хамт олонд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

Анх урлагийн салбартай хэрхэн холбогдсон талаараа уншигчидтайгаа хуваалцахгүй юу?

-Цэцэрлэгт байхаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Сурагч байхдаа хамтлагт дуулдаг хүү байлаа.

Дуучин болох таны багын мөрөөдөл байсан уу?

-Дуулах дуртай, дуунд хайртай хүүхэд байсан болохоор багаасаа дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлж 2004 онд Соёл урлагийн Их сургуулийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУАЖ А.Бүтэд багшийнхаа удирдлага нь дор дуулах ур зүйд суралцан 2009 онд төгссөн.

Та өөрийн бүтээсэн том хэлбэрийн бүтээлүүдийнхээ аль дүрд илүү хайртай вэ?

-Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгадаа дуучнаар 2009 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаандаа миний бие СТА Д.Ганзоригийн цомнол, СТА С.Тараагийн хөгжим “Чингис хаан” рок дуурь, “Тоонот нутаг” буриад дуу бүжгийн цоморлог, “Хязгааргүй” моно поп опера зэрэг бүтээлүүдэд амжилттай оролцохын зэрэгцээ СТА Р.Өнөржаргалын цомнол УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Хүннү” дуурийн Хан улсын I түшмэл, Жаргалсайханы хөгжим “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжгийн гол дүр болох Ард мэргэн хүүгийн дүрүүдийг бүтээж байлаа. Мэдээж бүтээсэн бүх дүрүүддээ хайртай. “Хүннү” дуурийн Хан улсын I түшмэлийн дүрийг бүтээж үзэгчдийн хүртээл болгосондоо одоо ч талархан хүндэтгэж явдаг даа.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 90 жилийн ойд зориулан бүтээж буй “Үнэ цэн” мюзиклд та ямар дүрийг бүтээхээр ажиллаж байна вэ?

-Энэ удаад Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 0 жилийн ойд зориулан бүтээж буй “Үнэ цэн” мюзиклийн босогчдийн толгойлогч болох “МУХАМЕД”-ын дүрийг бүтээж байна. “МУХАМЕД”-ын дүр бол тус мюзиклийн гол зөрчлийг харуулахын зэрэгцээ аль ч улсад хүн болж төрсөн байлаа ч эх орон, өөрийн итгэл үнэмшлээ хүн хамгийн үнэ цэнэтэйд тооцож түүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдгийг харуулж байгаа эсрэг талын дүр юм.

“Үнэ цэн” мюзиклийн тухай уншигчиддаа мэдээлэл хүргэхгүй юу?

-“Үнэ цэн” мюзикл маань Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулагдан бүтээгдэж байгаа бөгөөд Монгол цэргүүдийн эр зориг, эх орон, эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэн, ЭДА-д оролцож байгаа цэрэг дайчдын ар гэрийнхний сэтгэл зүй, хосуудын хүлээлт гээд амьдралын олон өнгө, үнэ цэнтэй зүйлсийг харуулж чадсан бүтээл хэмээн бодож байна.

Мэдээж өмнө нь хөндөгдөж байгаагүй сэдэв, Монгол Улсын Зэвсэгт хүчний 21 дүгээр зууны бас нэгэн шинэ түүхийн хуудсыг урлагийн бүтээл болгож буйгаараа онцлогтой юм.

Та ЦДБЭЧ-аас Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй алба хаагчдын нэг шүү дээ. Энхийг сахиулагч Монгол цэрэг байхын бахархлынхаа тухай бидэнтэй хуваалцахгүй юу?

-ЦДБЭЧ-аас Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдынхаа алдрыг өргөж 2018-2019 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол улсын Зэвсэгт хүчний 8 дугаар ээлжийн Мотобуудлагын батаольонд үүрэг гүйцэтгэснээрээ маш их бахархаж байдаг.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол Монгол цэргүүдээс тэсвэр хатуужил, авхаалж самбаа, эр зориг, сэтгэл зүйн маш их тэвчээрийг шаарддаг зүйл.

Залуучууд ажиллагааг их амархан мэтээр төсөөлдөг юм шиг санагдаад байдаг юм. Гэтэл ажиллагааны газар оронд бол тэс өөр мэдрэмж, өөр орчин байдаг юм.

Онгоцноос буух мөчөөс эхлээд л тухайн газар орныг танин мэдэх, ард иргэдийг нь өрөвдөх, нэг тийм түгшүүртэй ч юм шиг мэдрэмжүүд төрж байсан. Тэгээд л ёстой “Ямар азаар Монголдоо төрөө вэ?”, Монгол минь яасан сайхан өргөн дэлгэр нутагтай юм бэ ?, бид хэчнээн амар амгалан амьдардаг юм гэх бодлууд төрж өөрийн эрхгүй л нутгаа санаж эхэлсэндээ.

Ер нь бол Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бүх л цэргийн албан хаагчдын сэтгэл дотроо тээж явдаг бодлуудын нэг бол Монгол цэрэг, Монгол хүн болж төрсөндөө баярлах, бахархах тэр мэдрэмж байх шүү.

Энхийг сахиулагч дайчин, ЦДБЭЧ-ын дуучныхаа хувьд та “Үнэ цэн” мюзиклийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-“Үнэ цэн” мюзикл бол Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн олон мянган залуусын эр зориг, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх хугацаанд тохиолдож буй бэрхшээл, тэдний ар гэрийнхний сэтгэл зүйн байдал гээд олон зүйлсийг бодитойгоор, үнэнээр харуулж байгаа нь их олзуурхууштай гэж энхийг сахиулагч хүнийхээ хувьд бодож байна. Монгол цэргүүдийнхээ дэлхийн цэрэг болсон их бахархлыг урлагийн бүтээл, тэр дундаа мюзикл бүтээн үзэгчдийн хүртээл болгох гэж буй нь дуучин хүнийхээ хувьд өмнө нь тавигдаж байгаагүй шинэлэг бүтээл хэмээн баярлаж хүлээн авч байгаа. Энэ бол өнөөдрийн Зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэж буй залуусын үзэж бахархах, басхүү “ҮНЭ ЦЭН”-тэй зүйлсээ хайрлан хамгаалахын төлөөх тэмцлийг мэдрэх сайхан бүтээл гэж бодож байна.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Алдарт 60 харын үргэлжлэл болж ЦДБЭЧ-ын дуучин хэмээн цоллуулах танд ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?

-Дуучин хэмээх мэргэжлийг эзэмшиж ЦДБЭЧ-даа өнөөг хүртэл ажиллаж байгаагаараа мэдээж маш их бахархаж явдаг.

Мөн дайнд оролцсон цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага, алдарт 60 харын үргэлжлэл болж цэрэг эх орны сэдэвт олон мянган бүтээлийг үзэгчиддээ хүргэнэ гэдэг бол миний төдийгүй өнөөгийн найрал дууны албанд дуучнаар ажиллаж байгаа залуучуудын маань ч бахархал байдаг.

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Лхгавасүрэн гуайн бичсэнээр “Жаран харын дуулсан дуунд уулс нүргэлж байдагсан, Жаран харын дуулсан дуунд ус цалгилж байдагсан” гэх сайхан мөртүүд бий шүү дээ.

Энэ бол үе үеийн жаран хар хэмээх алдаршсан дуучдын ур чадвар, чансааг илтгэн харуулсан гайхалтай мөртүүд хэмээн боддог.

Санал болгох мэдээ

А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус …