УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо.

Энэ хүрээнд:

1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;

2.Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;

3.Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.

Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцов.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …