У.Хүрэлсүх:Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.05.13/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой.

Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хүнс болон бордооны үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүй хамгийн өндөр хувиар өсөөд байна. Ялангуяа, үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсөж, бага орлоготой иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

Хүнсний гол экспортлогч улсууд болох манай хоёр хөрш ОХУ, БНХАУ хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч байна.

Гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ.

70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.Нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна.

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг харуулж байна.

Хүн амд шим тэжээлтэй хоол хүнс хүрэлцэхгүй байх асуудал нь хүнсний хангамжаас гадна ажилгүйдэл, ядуурал, өрхийн орлоготой ч шууд холбоотой юм.

Монголчууд бид ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье.Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байна.

өрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална гэсэн үг, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна. Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү.Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …