У.Хүрэлсүх:Сэтгэл, зориг гаргаж ажилла, ард түмэндээ худлаа хэлж болохгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.04.11/ Ерөнхий сайд , УИХ-ын дарга, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж үүрэг, чиглэл өглөө.


Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ҮАБЗ-ийн хүрээнд уулзаж, өнгөрсөн хоёр хоногт болсон жагсаалын нөхцөл байдал болон тавигдаж буй шаардлагын талаар нэлээдгүй ярилцсан.

Бид нар ниргэсэн хойно нь хашхирав байдалтай байна гэж би хараад байгаа. Би хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж сануулж хэлж байсан. Гэвч сануулж хэлээд байхад өнөөдрийн нөхцөл байдалд тулж байна.

Дэлхий нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос, Украины асуудал үүссэн.

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, үр тариа, мах, ургамлын тосны үнэ 30-40 хувиар нэмэгдсэн.

УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруулах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, хүнсний ногоо, шатахууны асуудалд онцгойлон анхаармаар байна.

Хүнсээ гадаадаас авмааргүй байна, дотоодоосоо бүрэн хангая. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэр, нефть шатахуунтай байх нь чухал гэдгийг хоёр жил харууллаа.

Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон, эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чадах улс орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Сэтгэл, зориг гаргаж ажилла. Шаардлагатай гэвэл төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй. Байгаа нөхцөл байдал, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Юу болох гээд байгааг хэлэхгүй болохоор тэд бухимдаж байгаа. Хэрэгцээгүй бүх зардлуудыг тана.

Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн өндөртэй нөхцөл байдал үүсээд буйг дэлхий нийтээрээ ярьж байгаа. Зарим улс орон бүр хүнд байна.

Та бүхнийг ард иргэдийн тавьсан шаардлагыг маш сайн анхаарч, яаралтай шийдвэр гаргаж, ажлаа зөв зохистой уялдуулж ажиллах анхааруулгыг өгөх гэж энд цуглуулсан юм. Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүд шуурхай ажилла” гэв.

Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …