А.Энхзул: Замын-Үүдийн чөлөөт бүс гацаанаас гарсан

Замын-Үүд чөлөөт бүсийн ажил хэрхэн урагшилж байгаа талаар тус бүсийн захирагч А.Энхзултай ярилцлаа.

-Замын-үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг Замын-Үүд боомтынхонтой андуурах тохиолдол нэлээд гарч байна. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Замын-Үүд чөлөөт бүсийн байранд түр хугацаагаар Зам-Үүд боомтынхон байрлаж байгаа. Зам-Үүд боомтын барилга Хөгжлийн хөтөл төслийн хүрээнд баригдаж байгаа. Зам-Үүд боомт 2021 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан хил гаалийн асуудлаас ажил нь хойшлогдсон. Урьдчилсан байдлаар 2022 онд ашиглалтад орох байх. Одоогоор Замын-Үүд боомтын хуучин барилгыг тэр чигээрээ нураасан тул манай байранд байрлаж байгаа. 

Үүнээс үүдэж манай хоёр байгууллагын үйл ажиллагааг андуурах тохиолдол гарч байна. Мөн чөлөөт бүсийнхэн ажлаа хийхгүй байна гэдэг шүүмжлэл гараад байгаа. Бид чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлэхийн тулд тасралтгүй ажиллаж байгаа.
 

-Чөлөөт бүсийн дэд бүтэц хангалтгүй байна гэх шүүмжлэл гараад байсан. Таны хэлснээр юу ч үгүй тал газар хэн ч бүтээн байгуулалт барихгүй. Тэгэхээр дэд бүтцийн асуудал хэзээ бүрэн шийдэгдэх вэ?

-Чөлөөт бүс байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа. Чөлөөт бүс маань үйл ажиллагаа явуулаагүй нэлээд удсан. Энэ нь нэгдүгээрт, дэд бүтцийн асуудлаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл газар доогуурх хотыг эхлээд барих ёстой. Хоосон газар ямар ч аж ахуй нэгж хөрөнгө оруулалт хийхгүй. Хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлаа шийдсэн байх ёстой. Хятад улсын санхүүжлтээр 2016 онд дэд бүтцийн дулааны станц, цахилгааны дэд станц барьж байгуулсан. 13,5 км автозам тавьж, инженерийн шугам сүлжээний ажлаа хийсэн.

Ингээд өнгөрсөн жилээс дулааны станцийг байнгын үйл ажиллагаанд оруулаад эхэллээ. Одоо цахилгаан станцийг бүрэн тоноглох ажил хийгдэж эхлээд явж байна. Ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингээд чөлөөт бүс маань цахилгаанаар бүрэн хангагдана. Тун удахгүй саарал усаар аж ахуй нэгжүүдийг хангаад эхлэх байх. Чөлөөт бүсийн дэд бүтцийн хүчин чадал нь Замын-Үүд сумын, боомтын хэрэгцээг хангах томоохон хэмжээний станциуд юм.

Мөн манай дээр Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл нь гурван багц ажил юм. Нэгдүгээрт, нарийвчилсан шугам сүлжээгээ хийх. Хоёрдугаарт, менежментийн зөвлөгөө өгч ажиллах. Гуравдугаарт, хилийн нэвтрэх байгууламж барих ажил бий.

-Замын-Үүд, Эрээний хамтарсан чөлөөт бүс гэхээр маш таатай боломжийг нээж өгч байгаа байх даа?

-Хууль эрх зүйн хувьд чөлөөт бүс асуудалгүй байх ёстой. 2021 оны арваннэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн гажуудлыг зассан. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар Хятад Улсын Засгийн газартай 2019 онд гэрээ байгуулж, Замын-Үүд Эрээний эдийн засаг хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулахаар тохирсон байдаг. Олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулж байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл хоёр жил гацсан байсныг сая 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан. Ингэснээр 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс дээрх хэлэлцээр маань хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр хоёр улсын асуудал болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотод болсон олимпийн үеэр айлчлахдаа нот бичиг гардуулж, чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлаар ярилцсан. 

Замын-Үүд чөлөөт бүсийн онцлог бол хоёр чөлөөт бүсийн хамтарсан эдийн засгийн бүс байх юм. Замын-Үүд чөлөөт бүс 900 га газар нутгийг хамардаг. Эрээн хотын чөлөөт бүс бол 903 га газрыг хамарч байгаа, хил залгаа байгуулсан юм. Хоёр чөлөөт бүс маань цаашид хамтын ажиллагааны бүс болж үйл ажиллагаа явуулна. Монгол Улсын иргэд чөлөөт бүсээр нэвтэрлээ гэж бодоход хоёр чөлөөт бүсээр чөлөөтэй үйлчлүүлэх, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

-Чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэдэн төрлөөр явагдах вэ?

-Чөлөөт бүс маань дөрвөн бүстэй. Тээвэр, үйлдвэр, худалдааны, аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хамтын ажиллагааны бүс байх юм. 

Хоёр улсын зохицуулах зөвлөл байгуулагдана. Монгол талын зөвлөлийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар байгуулсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг ахалж, есөн сайд бүрэлдэхүүнд орсон. Хятадын талаас зохицуулах зөвлөл байгуулагдах процесс явагдаж байна. Одоо бид хоёр улсын зохицуулах зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсон. Энэ хурлаар бодлогын томоохон асуудлаа ярьж эцэслэнэ.

-Хууль эрх зүйн хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан гэлээ. Ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Гол өөрчлөлт нь хил дамнасан чөлөөт бүс гэдэг үг хуулинд байсан. Хил дамнасан гэдэг үгийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэдгээр өөрчилсөн. Хоёрдугаарт, хил орчмын бүсэд газар эзэмшүүлэхийг Хилийн тухай хуулиар хориглосон байдаг. Иймд газар эзэмшүүлэх биш ашиглуулахаар зааж өгсөн. Ингэснээр хөрөнгө оруулагчид маш идэвхтэй сонирхож, одоогоор 77 аж ахуй нэгж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр манайхтай гэрээ байгуулсан.

Хөрөнгө оруулагчдаас газар олголт хэзээ хийх вэ гэж маш их асууж байгаа. Одоогоор бид газар олголт хийхгүй. Яагаад гэвэл хоёр улсын төлөвлөлтөө уялдуулах ёстой. Иймд хоёр улсын зохицуулах зөвлөлийн анхдугаар хуралдаанаар төлөвлөгөө гаргасны дараа газар олголтоо хийж эхэлнэ.

-Чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Худалдаа аялал жуулчлалын бүсэд эмнэлэг, их сургууль, зочид буудал, томоохон үзэсгэлэнгийн танхим, кино театр, дэлгүүр байгуулахаар төлөвлөгдөж байгаа бол үйлдвэрийн бүсэд эко органик үйлдвэр мах, сүү, эмийн үйлдвэр, бэлэг дурсгал, самрын үйлдвэр төлөвлөгдөж байгаа. Тээвэр логистик бүс дээр дулаан, хүйтэн агуулах, ачиж буулгах тенминал байгуулах төлөвлөгөөтэй байна. 

Чөлөөт бүсэд очсон иргэн гурван сая хүртэлх төгрөгийн барааг татваргүй аваад, гарах боломжтой. Хоёрдугаарт, зочид буудал үйлчилгээний газруудаас татвар авдаггүй учраас нэн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх боломжтой. Чөлөөт бүс үйлдвэрүүдэд хамгийн том боломж олгож байгаа. Саарал ус ашиглах, татваргүй байх гэх мэт боломж бий.

-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд ямар боломж эдлэх вэ?

-Манай том зорилт бол экспортыг дэмжихэд оршиж байна. Үйлдвэрийн чөлөөт бүсэд нэг га газар ашиглахад 16 сая төгрөг. Тухайн газраа 10 жил ашиглах боломжтой. Хоёрдугаарт, үйлдвэрийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж НӨАТ, онцгой татвар, үл хөдлөхийн татвар төлөхгүй. Мөн гадаад ажилтан ажиллуулж байгаа тохиолдолд гадаад ажилтны төлбөр төлөхгүй. Хятад улстай хамтын ажиллагааны бүс болж байгаагийн хувьд анхан шатны үйлдвэрлэлийг Монгол талын бүс дээр, эцсийн шатны бүтээг­дэхүүнийг Эрээн талын бүс дээр үйлдвэрлэхээр яригдаж байгаа. 

-Чөлөөт бүс өнөөдрийг хүртэл цаасан дээр үлдсэнд хэн буруутай юм бэ. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьдаг энэ мэт боломжийг ашиглаж чадаагүй нь гонсоймоор байна шүү?

-Төр засаг өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Анх чөлөөт бүс байгуулна гэсэн ажлаа огт явуулаагүй, аж ахуй нэгжийнхээ итгэлийг алдсан.  Жишээ нь 2019 онд хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааны хэлэл­цээр байгуулсан ч УИХ-аар соёрхон батлаагүй хоёр жил алдсан нь харамсалтай. Чөлөөт бүс гэдэг бол 30 орчим хувийн татварын хөнгөлөлт, экспортийн маш том боломж юм. Мөн Эрээн хотын чөлөөт бүстэй хамтын ажиллагаатай болж байгаа нь манай аж ахуй нэгжид тохиолдож буй маш том боломж. Энэ боломжийг төр засаг гацаасан. Одоо гэхдээ хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон учраас аж ахуй нэгжүүд ажлаа эхлэх ёстой. Чөлөөт бүс гацаанаас гарсан. Энэ бүс бол ганцхан Монгол Улсын асуудлаас хальж хоёр улсын түвшинд яригдах учраас илүү хариуцлагатай үргэлжилнэ. Иймд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …