У.Хүрэлсүх: Үндэсний спорт, наадам бол монголчууд бидний тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний спортын анхдугаар их чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, үндэсний спортын зүтгэлтнүүд ээ,

Үндэсний спортын анхдугаар их чуулганы төлөөлөгч, эрхэм нөхөд өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын өв соёл, түүхийн салшгүй хэсэг, үеэс үед өртөөлөн, зуунаас зуунд уламжлагдан ирсэн үндэсний спортын төлөөлөл болох Та бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, анхдугаар чуулганаа зохион байгуулж байгаад баяр хүргэн, талархал илэрхийлж байна.

Үндэсний спортын холбоод нэгдэн нийлж, эв нэгдлийг үлгэрлэн манлайлж, нэгэн зорилгын дор хамтдаа үндэсний их спортоо ард түмэн, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, дэлхий ертөнцөд сурталчлан таниулах зорилгоор “Монголын үндэсний спортын хороо” байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлснийг дэмжиж, энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын үндэсний соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Монгол орны газар нутаг дээрх 6,000 жилийн тэртээх хадны зурагт бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг дүрсэлсэн байдаг. Анхны төрт улс болох Хүннү гүрний үед ч бөх барилдаж, морь уралдаж байсан түүхэн баримт байдаг нь монголчууд бидний үндэсний спорт, эрийн гурван наадмын өв соёл, түүх өнө эртнээс улбаатай төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй  холбоотойг нотлон харуулж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, монголчууд бидний аугаа түүх монгол адуутай салшгүй холбоотой.

Монголын түүхийг монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хамтдаа дэлхийн түүхийг бүтээлцсэн түүхтэй. Монгол морь бол Монголын ард түмний бахархал юм.

Тийм ч учраас алтан соёмбот төрийн сүлдэндээ монголчууд бид морио дээдлэн залсан түүхтэй билээ.

Тив, дэлхийн уралдаан, тэмцээн, олимпын наадамд төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж монгол түмнийхээ баярын магнайг тэнийлгэн бахдам амжилт үзүүлсэн тамирчид дунд үндэсний спортоор хичээллэж амжилтын гараагаа эхлүүлсэн хүчит бөхчүүд, цэц мэргэн харваач олон байдгийг бахдалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх нь чухал бөгөөд энэ асуудал Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болохыг Та бүхэнд хэлье.

Үндэсний спортоо олон улсад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн болон сонирхогчийн чиглэлээр хөгжүүлэх нь зөв зүйтэй болохыг бусад улсын туршлага нотолж байна.

Уран мэхийг уралдуулан, цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойдог монгол наадмыг 2010 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэснээр бид наадмаараа бахархан, сурталчлан түгээх, хөгжүүлэн дэлгэрүүлэх хариуцлагатай үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн билээ.

Үндэсний их баяр наадам бол монгол төр гурван цагийн хэлхээнд мөнхөд оршиж, мандан бадрах хувьтайг даян дэлхийд дуурсгаж буйг бэлгэддэг эртний түүхтэй их ёслол юм.

Монгол наадам бол тэнгэр хэчнээн агуу, газар хэчнээн уудам болохыг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэлхийн талыг эрхшээн Монголын их амар амгаланг тогтоож байсан монгол хүний эрдэм билиг, хүч чадал, онч мэдрэмж, хүлэг морьдынх нь шандас, тэсвэрийг гайхуулдаг үндэсний соёл, уламжлалын чуулган мөн билээ.

Үндэсний спорт, наадам бол монголчууд бидний эв нэгдэл, эрч хүч, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм.

Иймээс үндэсний спортын өв соёлыг тээгч Та бүхэн эв нэгдэл, ёс жудгийг эрхэмлэн дээдэлж, биеэр үлгэрлэн, олон түмнээ манлайлан түүчээлэх ёстой хүмүүс ээ.

Түүнчлэн та бүхэн залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн, зөв бодол, зөв сэтгэл, зөв үйлд сурган хүмүүжүүлэх, эрүүл биетэй, саруул ухаантай монгол хүнийг соён гэгээрүүлэх эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ байнга санаж явах учиртай.

Та бүхний үг үйлдэл, ёс жудаг, зан харьцаа ард иргэд, олон нийтийн анхаарлын төвд байнга байдаг.

Энэ ч утгаараа ард түмэн, үр хүүхдийнхээ өмнө нэр төрөө эрхэмлэн, үлгэр дуурайл болж, эв нэгдэл, ёс суртахуунаа чандлан сахиж байхыг Монголын ард түмэн та бүхнээс хүсэж, бас шаардаж байна.

Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулж байна.

Төр, ард түмнээс өгсөн алдар хүнд, цол чимэг, хайр хүндэтгэлийг ямагт өндөрт өргөж, нандигнан хадгалж, хамгаалж яваарай.

Ард түмнийхээ хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардах боллоо.

Энэ хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үндэсний спортыг дэмжих асуудал дан ганц хүмүүсийн сайн дурын хүсэл сонирхол дээр тогтох учиргүй. Харин Монгол төрийн бодлогын цөмд байж, түүнийг дэмжих, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ёстой.

Үндэсний спортын төлөөх байгууллага, холбоод нэгэн зорилгын төлөө нэгдэн нягтарч, төр засагтайгаа хамтран ажиллаж, Үндэсний спортын бодлого үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.

Иймээс Төрийн тэргүүний зүгээс Үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийг бүх талаар дэмжин Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Цаашид бид залуу хойч үеэ үндэсний спортын төрлөөр хичээллүүлж, бие сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Тухайлбал, Эрийн гурван наадам, шагайн харваа, мөсний шагай, мөсний сур харваа зэрэг багийн спорт, үндэсний спортын бусад төрөл болох монгол бие хамгаалах урлаг, тэмээн поло зэрэг спортоо хөгжүүлэн дэлгэрүүлэх шаардлагатай байна.

Мөн үндэсний спортоороо дамжуулан ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна.

“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн сайхан үг бий.

Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн эрүүл байна. Үндэстэн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна.

Энэ үзэл санааг үндэс болгон үндэсний спортоо хөгжүүлэн дэлгэрүүлэх талаар олон арван шинэ санал, санаачилга гаргасан, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн ярилцсан, ирээдүйн бодлого, зорилт, хамтын ажиллагаагаа тодорхойлсон, нэгдсэн ойлголтод хүрсэн, ажил хэрэгч түүхэн уулзалт болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Та бүхний хандлага, та бидний хамтын ажиллагаанаас үндэсний спортын цаашдын хувь заяа, хөгжил дэвшил ихээхэн хамаарах болно.

Өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн, үндэсний спортоо гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн зүтгэлтэй бүх хүнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орныхоо өв соёл, зан заншил, түүх, үнэт зүйл, үндэсний уламжлалаа хойч үедээ нандигнан өвлүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй үндэсний соёлын өв тээгч, соён гэгээрүүлэгч, спортын зүтгэлтэн Та бүхэнд төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье!

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.