Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан болж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын соёл, урлагийн өнөөгийн байдал, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зөвлөмж гаргах, соёл урлагаар дамжуулан ард иргэд, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй юм.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд өнөөдөр хуралдаж, 2022 оны соёл, урлагийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, зорилгыг тодорхойлох, соёл урлагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг таван бүлэг асуудлын хүрээнд 20 орчим үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн хэлэлцэн батлах юм.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв.

Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” 2018 онд анх удаа байгуулагдаж байсан. Үндэсний зөвлөлөөс Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг бие даалган Соёлын яамыг дангаар байгуулах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг тодорхойлох, салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг түргэвчлэх талаар салбарын дуу хоолой болж хангалттай сайн ажиллаж эхэлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн ковидын хатуу хөл хорионы үед цахимаар хуралдаж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын талаар мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, санал зөвлөмжөө гаргаж байсан.

Энэ удаад зөвлөлийн 2022 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон Монгол Улсын хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан соёлын салбарын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ…” гээд хуралдааныг нээлээ.

Дараа нь Соёлын сайд Ч.Номин хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдаан үргэлжилж байна.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга нь Соёлын сайд Ч.Номин бөгөөд “Чингис хаан” одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Оёо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Цэрэндагва, Урлагийн зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар зэрэг соёлын салбар бүрийн төлөөлөл болох 38 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.