“Мөнгөн мод” наадмын шилдгүүд энэ сарын 23-нд тодорно

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг.


“Мөнгөн мод-2021” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 дүгээр сарын 23-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох бөгөөд тус наадам нь энэ жилээс “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулж байгаагаараа онцлог юм.


13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ 2008- 2019 онд нийт 11 удаа болж, нийт 75 уран бүтээлч шилдгээр тодорсон байдаг.
12 дахь удаагийн “Мөнгөн мод” ёслолын ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 29-нд зохион байгуулагдаж тайз, дэлгэцийн найруулагч, тайз дэлгэцийн жүжигчин, тайз, дэлгэцийн зураач, хөгжимчин, дуучин, бүжигчин болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тодруулан, тус бүр “Мөнгөн мод” цом, батламж, 3.000.000 төгрөгийг гардан авч байсан юм.
Ажил үйлсээрээ 2019 онд манлайлсан шилдэг уран бүтээлчдийг дурдвал, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ шилдэг дуучин, Улсын Филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч Р.Амарбаяр шилдэг хөгжимчин, Цагдаагийн Сүлд чуулгын бүжигчин Ё.Дамчаабадгар шилдэг бүжигчин, Улсын Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од тайз, дэлгэцийн шилдэг зураач, УДЭТ-ын жүжигчин Б.Жаргалсайхан шилдэг жүжигчин, СУИС-ийн БУС-ийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Баяртай соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар тус тус тодорч байжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …