“King Tug” Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт ердөө 11 хоногийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх билээ.
Өнгөрсөн долдугаар сард Н.Төгсцогт WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.
Харин энэ удаа манай Н. Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор “Vicious” Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж( 9 КО) , нэг ялагдсан амжилттай боксчин байна.
Пасильяс өнгөрөгч оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа.
2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан хоёр боксчин ийн тулалдахаар болжээ.
Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно. Тиймээс ч хэн хэнийх нь замналд тун чухал ач холбогдолтой тулаан болох тул үнэхээр гоё тулаан болох нь гарцаагүй.
Тулааны өмнө хоёр боксчин маань ийн ярьж байна.
В.Пасильяс: “Би Төгсцогттой хийх тулаанд бие, сэтгэл, бодлоороо бүрэн бэлэн байна. Рингэнд гармагцаа л гайхалтай тулаан үзүүлэх болно. Би хамгийн сайн тулаануудаа 57,2 кг жинд үзүүлж байсан. Энэ жинд би маш хүчтэйд тооцогдоно. Би яг одоо урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ялалтаар ” өлсөж”, улам хүчтэй байна” гэсэн бол манай тамирчин Н.Төгсцогт:” Сайхан боломж гарч, рингэндээ дахин гарах гэж байгаадаа сэтгэл хөдөлж, баярлаж байна. Эхнээсээ дуустал ширүүн тулаан болно, фэнүүддээ дахин нэг гайхалтай тулаан үзүүлэхийг зорьж байгаа. Тулаан эхлэх анхны хонхны дуунаас л гал гарах бөгөөд харин энэ “дайнд” өөрийгөө ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй” байна хэмээн өгүүллээ.
Н.Төгсцогт -Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, “Borgata Hotel& Casino , spa” цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.
Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель (31 ялалт, 1 ялагдал) болон Филиппиний Марк Магсайо ( 23-0) нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.
Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд (8-0) Крис Роллинстой рингэнд Гэри Рассель, манай “King Tug” нарын өмнө тулалдах аж.


Ц.Энхтүвшин, “Таван цагариг

Санал болгох мэдээ

“Бүх оддын барилдаан” Бямба гарагт болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI – АЛТАН ЦОМ” барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан …