Цай Вэньруй: Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бүхнээ зориулна

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.

Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан, дэлхийн олон оронд цар тахлын шинэ хувилбар дэгдсэн энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо.

Итгэлт сайн хөршийн хувиар энэхүү эгзэгтэй цаг үед талууд хэн хэндээ аливаа хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр хаана хаанаа харилцан ашигтай байхын төлөө бүхий л нөөц боломжоо эрэлхийлж ажиллах болно гэдгээ уулзалтын эхэнд илэрхийлсэн юм.

Шадар сайд энэ үеэр Элчин сайд Вэньруйд хандан Замын-Үүд, Эрээний боомт дахь чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Монголын талын бүх бэлтгэл хангагдсан, хилээр орж ирсэн ачаатай чингэлгийг 48 цагийн дотор буцаан гаргах боломжтойг онцлов.

Тэрбээр “Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байна.

Хоёр улсын хил гааль дээр үүссэн бараа бүтээгдэхүүний татан авалттай холбоотой энэ асуудал шийдвэрлэгдвэл хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үр өгөөжтэй байх болно. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын цахим хурлыг ойрын үед хуралдуулж, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж жигдрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ.

Элчин сайд Цай Вэньруй Эрхэм Шадар сайд таны хүсэлтийг Улсын холбогдох төрийн байгууллагад уламжлах болно. Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллахыг дэмжиж байна гэлээ.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …