Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн

УИХ-ын чуулганы өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

УИХ-ын гишүүн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд энэ дүрмийн гол зорилго чиглэж байна. Шинэчилсэн дүрэмд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг илүү нарийвчлан тусгажээ.

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.06) хэвлэлийн хурал хийж, уг дүрмийг олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр, “Энэ дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэх сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тусгасан.

Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн 5 өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг тогтоосон. УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор ёс зүйн шаардлагуудыг нарийвчлан тогтоосон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон. Түүнчлэн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглосон. Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хяналт тавьж ажиллана. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгана. Харин хуульд заасан үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Зөвхөн ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.” гэлээ.

Шинэчлэгдсэн дүрэмд УИХ-ын гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдаас эдийн засгаас хараат байдалд байх, нэр хүнд, эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, аливаа этгээдэд нөлөөлөх, хуулиар хориглосон аливаа ажил эрхлэх, цалин хөлс урамшуулал авах, цалин өгөхийг шаардахыг хориглохоор заажээ.


Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …