Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах үр дүнтэй 5 арга

Урт үстэй үедээ үсээ тайрмаар санагдаад, үсээ тайруулахаараа урт үс гоё харагдаад байдаг. Танил сонсогдож байна уу? Бүсгүйчүүд бидний амьдралд байнга тохиолддог хоёрдмол сонголтуудын нэг нь энэ биз ээ. Гэхдээ богино ч бай урт ч бай эрүүл үстэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах, үсээ эрүүлжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудаас хуваалцъя.

1. Хуйхандаа массаж хийх

Хүмүүс ихэвчлэн үсэндээ л анхаарал хандуулж олон төрлийн үсний бүтээгдэхүүнүүд хэрэглэж харагддаг. Гэвч үсээ эрүүл, урт ургуулахын тулд гол анхаарах хэрэгтэй зүйл бол хуйх юм. Сайн хөрсөн дээр гоёмсог цэцэг ургадаг шиг эрүүл хуйхтай болсноор үс ч мөн эрүүлждэг. Тэгвэл үсээ сайхан ургуулахын тулд хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь хуйхандаа массаж хийх гэнэ. Массаж нь стрессний гармон, зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй цусны эргэлтийг сайжруулж, үсний угийг илүү бат бөх болгодог байна. Үсээ хуурай байхад нь массаж хийж болох ч тэжээлийн тосоор массажилж өгвөл илүү үр дүнтэй.

2. Өндгөөр маск тавих

Судалгаагаар хүний үс 1 сард ойролцоогоор 1.27см ургадаг байна. Хэдий бид үсний ургалтыг хурдасгах боломжгүй ч ургаж байгаа үсээ илүү эрүүл, өтгөн, гялалзсан болгож болно. Хэрвээ үс тань хугараад байгаа бол өндөгний маскыг туршаад үзээрэй. Өндөг нь лецитин болон уураг ихээр агуулдаг учир үсэнд тэжээл өгч үсний ширхгийг илүү бат бөх болгож өгдөг. Түүнчлэн өндгөнд агуулагддаг хүхэр нь хагталтыг арилгахад тустай гэнэ. Уг маскыг хийхдээ 2 өндгөн дээр 2 халбага оливын тос хийж хутгана. Үүн дээрээ тал аяга ус хийгээд л маск бэлэн болно. Үүнийгээ үсээ самнасныхаа дараа хуурай үсэн дээрээ түрхэн 30 минут орчим байлгаад шампунь болон ангижруулагчаараа угааж цэвэрлэнэ.

3. Эрүүл өөх тостой хүнс хэрэглэх

Бүсгүйчүүд үс, хумс ургуулдаг витамин авч уух нь түгээмэл байдаг. Гэвч энэ нь үсийг ургуулах тийм ч үр дүнтэй арга биш юм. Уг нэмэлт тэжээлүүд нь үр дүн муутайгаас гадна бусад олон төрлийн нэмэлт бодисыг агуулдаг учир биеийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг (жишээ нь: батга гаргах). Үүний оронд идэж ууж байгаа хоол хүнсээрээ буюу илүү эрүүл аргаар витамин, эрдэс бодис, шим тэжээлээ авах хэрэгтэй. Тухайлбал, эрүүл өөх тос хэрэглэх нь үсний ургалтад чухал ач холбогдолтой. Ялангуяа Омега-3 нь үсний ширхгийг илүү бат бөх болгож, гялалзуулах ач тустай байдаг. Бидний бие Омега-3 ялгаруулдаггүй, гаднаас авах зайлшгүй шаардлагатай учир Омега-3 ихээр агуулагддаг сальмон загас, туна, маалингын үр, хушга, шар буурцагны тос, канола тос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл зохистой.

4. Торгомсог дэрний уут ашиглах

Торго эсвэл торгомсог материалтай дэрний уут ашиглах нь үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Учир нь цэвэр даавуун уут нь үсний бүх чийгшлийг өөртөө шингээгээд авчихдаг тул үс хуурайших, ширэлдэх, хугарах асуудлууд гардаг байна. Тиймээс торгомсог зөөлөн материалтай дэрний уут хэрэглэж заншаарай.

5. Кератинтай бүтээгдэхүүн хэрэглэх

Кератин агуулсан бүтээгдэхүүн нь хуурайшилттай тэмцэж үсийг илүү гялалзсан бөгөөд бат бөх болгодог нь батлагдсан. Уг уураг нь үсэнд хэрэгцээт амин тос, шим тэжээлийг өгч үс ургахад таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг учир үсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагад кератин байгаа эсэхийг анзаараарай.Үүнээс гадна үсний ургалтад сөргөөр нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Тухайлбал, стрессдэх нь үс уналтын гол шалтгаан болдог бол тамхи татах нь хуйх руу очих цусны урсгалыг хязгаарладаг учир үсний ургалтад мөн сөргөөр нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн үсээ индүүдэх, хайчаар ороох бүрт үс тодорхой хэмжээгээр гэмтэж байдаг. Мөн үсээ хэт их угаах нь хуйхны байх ёстой тослогийг арилгаж, хуурайшуулах, хагтуулах гэх мэт асуудлуудыг дагуулдаг байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …