Х.Юүлэхорол: Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгадаа бүжигчнээр ажиллаж эхлээд бүжгийн урлагт дурласан

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын “Бүжгийн алба” үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Хүрэлтогоогийн Юүлэхоролтой ярилцлаа.


Тэрбээр 2007 оноос хойш Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгад гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

Энэ хугацаанд “Цэрэг бүжгийн чуулбар”, “Тариан талбайд”, “Тогооч цэргийн наргиант бүжиг”, “Үүлэн бор”, “Тогоруу бий”, “Сонголт”, “Ятгын эгшиг”, “Энэтхэг”, ”Уран гар”, “Монгол бүсгүй”, “Нутгийн замд”, “Үелзүүр” зэрэг 20 гаруй бүжигт гоцлон бүжиглэж байна.

Мөн “Чингис хаан” рок дуурь, “Нэр төр” бүжгэн жүжиг, “Тоонто нютаг” буриад үндэстний дуу бүжгийн цоморлиг, “Спартак” бүжгэн жүжиг, “Хүннү” дуурь, “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжиг, Солонгос-Монголын хамтарсан “Тэнгэрийн хаяа руу дүүлэх хүлэг” модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон уран бүтээлүүдэд амжилттай оролцож, “Хэмнэл”, “Шидрүүн бүжгийн гайхамшиг”, “Цэрэг танаа” зэрэг бүжиг ангийн бие даасан уран бүтээлийн тоглолтуудад гоцлон бүжиглэжээ.

Соёлын тэргүүний ажилтан, Гоцлол Бүжигчин Х.Юүлэхорол нь 2011 онд “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан”-ы Гурвал бүжгийн төрөлд “Тогоруу бий”, “Сонголт” бүжгээр Дэд байрын шагнал, Цөөхүүл бүжгийн төрөлд “Наадмын дэнж”, “Адуучин” бүжгээр Тэргүүн байрын шагнал, ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Олон улсын гоцлол бүжигчдийн “Венок дружбы” уралдаанаас “Гран-При”шагналыг тус тус хүртэж, бүжигчний уран чадвараа илтгэн харуулсаар байгаа авьяаслаг бүжигчдийн нэг билээ.


Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын “Бүжгийн алба” үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг танай хамт олонд хүргэе. Ойн хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ?

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын “Бүжгийн алба” үүсч хөгжсөний 80 жилийн ойдоо зориулан бид бүхэн нэлээд олон ажил, арга хэмжээг төлөвлөн хийж байгаа.

Ой угтсан ажлын эхлэл болгон “Дурсамж” хэмээх эмэгтэй цөөхүүл бүжгийг клипжүүлж, “Хийморлог бүжигчид” дуугаа манай бүжигчид өөрсдөө дуулж клипжүүлсэн. Мөн “Орчин цагийн Монгол цэргийн бүжгийн хөгжил, түүхэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан.

Цэргийн бүжгийн албаны тухай баримтат кино, шилдэг бүжгүүдээс бүрдсэн контент, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын “Бүжгийн алба”-ны үүсэл хөгжил, өнөөгийн өнгө төрх, үе үеийн бүжигчдийн тухай гэрэл зургийн ном зэргийг бүтээхээр манай хамт олон ажиллаж байна.

Бүжгийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Асаж дүүлсэн он жилүүд” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 12-ний өдөр зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн тоглолтонд нийт хэчнээн уран бүтээлчид оролцох вэ?

Түүхт 80 жилийн ойдоо зориулан 2021.12.12-нд буюу чуулгынхаа төрсөн өдрөөр “Асаж дүүлсэн он жилүүд” дан бүжгийн хүндэтгэлийн тоглолтоо үзэгчиддээ өргөн барихаар бэлдэж байна. Энэ тоглолтонд үе үеийн цэргийн бүжигчид оролцоно. Өдгөө манай бүжгийн алба нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-“Асаж дүүлсэн он жилүүд” хүндэтгэлийн тоглолтын онцлог юу вэ?

“Асаж дүүлсэн он жилүүд” тоглолтын онцлог нь цэргийн сэдэвт, Монгол ардын, орчин цагийн гэх мэт бүжгийн олон төрөл урсгалаар найруулагдсан өвөрмөц тоглолт болно.

Та бүжгийн урлагт хэрхэн хөл тавьсан бэ?

Би бага насандаа цэцэрлэгийн болон сургуулийнхаа урлагийн үзлэгт бүжиглэдэг хүүхэд байсан. 2006 онд нийслэлийн 44-р сургуулийн 7-р ангийн сурагч байсан. Багш нарын баярын тоглолтонд оролцоод бүжиглэх гэж байтал тэр тоглолтод ЦДБЭЧ-ын бүжигчид ирж бүжиглэсэн юм. Тухайн үед би мэргэжлийн бүжигчдийг ойрхноос анх удаа л харж их сүрдэж байснаа тод санадаг. Тэр тоглолтод оролцсоны дараа хичээл дээрээ сууж байтал сургуулийн нийгмийн ажилтан өрөөндөө дуудаад “чамайг ЦДБЭЧ-д гэрээт бүжигчнээр авъя гэж Гавьяат жүжигчин Л.Ганчимэг бүжиг дэглээч ярилаа” гэж хэлэхэд би их гайхаж балмагдаж байж билээ.

Тэгээд хичээлээ тараад ээж дээрээ очиж болсон явдлыг хэлэхэд ээж маань ч их гайхаж “миний охин чадах юм болов уу” гэж хэлээд, за юу ч гэсэн ээж нь дагуулаад яваад очиж уулзаж асууя гээд ээж бид хоёр ЦДБЭЧ руу хамт очиж байсан юм. Явж очоод Гавьяат жүжигчин Л.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан Л.Баттөр багш нарын өрөөнд ороод уулзтал “танай охиныг гэрээт бүжигчнээр ажиллуулах гэсэн юм” гэж ээжид хэлэхэд “ээж маань манай охин 14 настай арван жилийн 7-р ангийн сурагч удахгүй 15 нас хүрнэ тэгээд энэ том чуулгад мэргэжлийн бүжигчидтэй хамт ажиллаж чадах юм болов уудаа хөөрхий” гээд инээхэд багш нар ч намайг 10 жилийн хүүхэд гэж бодоогүй байсан гэсэн. Хүүхэд байхдаа нэлээн биерхүү том биетэй охин байсан дээрээс нь тоглолтын будагтай байсан болохоор Соёл Урлагийн Их сургуулийн оюутан л байх гэж багш нар бодсон гэсэн. Гавьяат жүжигчин Л.Ганчимэг багш маань за яахав цэргийн баярын тоглолтод эмэгтэй бүжигчин дутмаг байгаа тул түр 1 сар ажиллуулаад цэргийн баярын тоглолтод оруулъя гэж хэлээд энэ сайхан хамт олон дунд анх хөл тавьж байлаа.

Яваандаа би гэдэг хүн бүжгүүдээ сурч эхлэн бүжигт дуртай болоод ирсэн. Гурван сар ажиллаад гэрээт бүжигчин, жил гаруй ажиллаад үндсэн бүжигчин, гурван жил ажиллаад 11-р ангиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуулийн “Бүжиг найруулагч”-ийн ангид элсэн орж, дэд ахлагч цол авч цэргийн бүжигчин болж байлаа.

Бүжигчний мэргэжил таны багын мөрөөдөл үү?

Бүжигчний мэргэжил нь миний багын мөрөөдөл яг биш байсан. Харин ЦДБЭЧ-д орсноор сайн бүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн. Арван жилдээ өөрийгөө бүжиглэж чадаж байгаа үгүйгээ ч бас хараахан сайн мэддэггүй бүжгийн урлагийг сайн ойлгодоггүй байсан хүүхэд байсан болохоор тэр байх. Чуулгадаа бүжигчнээр ажиллаж эхлээд бүжигчин ах, эгч нарыгаа хараад бүжгийн урлагт дурлаж, илүү ихийг сурч ойлгохыг хүсч тэмүүлж мөрөөдлөө болгосон.

Анх тайзан дээр, үзэгчдийн өмнө бүжиглэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Анх тайзан дээр гарах мэдрэмж маш сайхан байдаг ч гэсэн нэлээд айдас, сандралтай, хөдөлгөөнөө алдахвий, зэрэг хийх ёстой, эгнээгээ харах ёстой гээд л их хариуцлага оногддог байсан. Анх тайзан дээр гарах бүх л хүний мэдрэмж ийм л байдаг болов уу гэж боддог /Инээв./

Жүжигчин хүнд мөрөөдлийн дүр гэж байдаг. Харин бүжигчин бүсгүйн хүч сорихсон гэж хүсч, мөрөөдөж явдаг дүрийг сонирхмоор байна?

-Бүжгийн жүжигчин хүн бүхэнд дүр бүтээх мөрөөдөл бий. Миний мөрөөдлийн дүр бол эсрэг талын цэргийн офицер дайчин эмэгтэйн дүрийг бүтээх юмсан гэж битүүхэн мөрөөдөж явдаг даа /Инээв./

Урлагийн хүн байхын хэцүү, бас сайхан нь юу вэ?

Урлагийн хүн байхын хэцүү зүйл нь цаг зав жаахан муутай урлаг өөрөө хааяа зарим зүйл дээр хатуу шүү дээ, тэр тусмаа бүжигчин хүн формтой байхын тулд их удаан хөдөлгөөнгүй амарч болдоггүй. Учир нь би өөрөө жаахан амраад хоолоо зохистой байлгахгүй бол жин нэмчих гээд байдаг. /Инээв./

Харин урлагийн хүн, бүжигчин хүн байхын сайхан талууд бол зөндөө шүү дээ. Бид үзэгчид, ард түмэнд урлагаар дамжуулж баяр баясал, ухаарал, эрч хүч, сэтгэлийн цэнгэлийг өгдөг тэр чинээгээрээ өөрсдөө цэнэглэгдэж байдаг. Урлагийн хүмүүс тэр дундаа бүжигчин хүмүүс гутаранга биш, үеийнхнээсээ залуу харагддаг. /Инээв./ Үргэлж сайхан хөгжим дуунууд сонсож мэдэрч байдаг болохоор өөдрөг байдаг гэж боддог.

Бүжгээ орхимоор санагдаж, шантарсан үе бий юу?

Бүжгээ орхимоор санагдаж, шантарч байсан үе бол байгаа /Инээв/. Арван жилийн хүүхэд байсан болохоор мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй зүйл зөндөө байдаг байсан. Багш нартаа загнуулах, бүжгээ хийж чадахгүй болохоороо уйлдаг байсан.

Урлагийнхан, тэр дундаа бүжигчдийн бага нас их л завгүй , шахуу бэлтгэл сургуулилттай өнгөрдөг юм шиг санагддаг. Таны хувьд?

Тийм шүү багадаа бүжиглэж эхэлсэн бол завгүй өнгөрдөг. Нас биед хүрсэн мэргэжлийн бүжигчдийн хувьд ч гэсэн завгүй шахуу бэлтгэлтэй л байдаг. Бүжигчний мэргэжил чинь тийм ч хурдан сурчихдаг мэргэжил биш дээрээс нь багийн ажиллагаа их шаардагддаг тул жигдрэх. цэгцрэх гээд л их ажиллагаа бэлтгэл сургууль шаарддаг.

Бүжигчин болоогүй бол…?

Би бүжигчин болоогүй бол эмч болох байсан юм болов уу. Арван жилдээ химийн сонгоны ангид шалгалт өгөөд анги дэвшиж орж байсан. Ээж маань намайг эмч болгоно гэдэг байсан. Тэгээд идэвхтэй суралцаж байсан.Бүжиглэхээ болиод эмч болно гэдгээ мэдээд байгаа ч бүжигт дуртай хэвээрээ л байсан. Тэгээд л тун удалгүй чуулгатайгаа холбогдож бүжигчин болох хүсэл маань улам л ихэссэндээ. Харин одоо би өөрийгөө өөр мэргэжилтэй байна гэж төсөөлдөггүй. Эмчийн мэргэжил сайхан ч дуртай зүйл минь байгаагүй тул кайфгүй байх байсан даа л гэж боддог.

Мэргэжлийнхээ юунд хамгийн ихээр дурладаг вэ?

Мэргэжлийнхээ юунд нь дурладаг вэ гэхээр маш олон зүйлд нь дурладаг. Бэлтгэл хийснийхээ дараа тайзан дээр тухайн дүрдээ ороод нээх сайхан бүжиглэж байгаа мэдрэмж, зааланд бэлтгэлийн хувцсаа нортол сэтгэлээсээ бүжиглэх мэдрэмж, тоглолтондоо орох гээд нүүрээ будах мэдрэмж, дэглээч болон багшийн заасан, сургасан, хэлсэн зүйлүүдийг засаж сайн хийхийг хичээх мэдрэмж, хамт олноороо эмоцитой бүжиглэх мэдрэмж, гээд л тоочвол маш олон зүйлээс нь сайхан мэдрэмж авч дурладаг.

Мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан гоцлол бүжигчний хувьд Монголын бүжгийн урлагийн хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ?

Манай Монголын бүжгийн урлаг хурдацтай хөгжиж байгаа. Олон улсын бүжгийн тэмцээнүүдэд Монголын бүжигчид маань амжилттай оролцож эхний байруудыг эзэлж байна. Гадаадад мэргэжил дээшлүүлсэн залуу боловсон хүчин сургуулиуд болон мэргэжлийн театр, чуулгад багшилж байна. Цаашдаа ч Монголын бүжгийн урлаг улам ихээр хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байдаг.

Та бүжгийн төрлүүд болох Монгол ардын бүжиг, Цэргийн бүжиг, модерн бүжгийг бүжиглэдэг. Нэг тоглолтонд Цэргийн бүжиг, Монгол Ардын бүжгийг дараалаад бүжиглэх тохиолдол байдаг байх. Хэр хүндрэлтэй байдаг вэ?

Тийм тохиолдол ихэнхдээ гарна. Нэг тоглолтод цэргийн болоод ардын бүжгүүд холимог ордог. Цэргийн бүжгээ бүжиглэчхээд дараагийн бүжиг ардын бүжиг байвал нээх их хүндрэл байхгүй ч гэлээ намба төрх манерны хувьд ялгаа гарч ирдэг. Цэргийн бүжигт хурц байдал мөр нурууг цэгцлэн тодорхой хэмжээний даацтай барилттай точны хөдөлгөөн болон трюкүүдийг хийж гүйцэтгэдэг. Харин цэргийн бүжгээс Монгол бүжиг рүү шилжихэд мөр, далыг суллах зөөллөх болон манерыг арай зөөлрүүлж өөрчлөх шаардлагатай болдог.

Та 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Олон улсынгоцлол бүжигчдийн “Венок дружбы” уралдаанаас “Гран- При” шагналыг хүртсэн. Энэхүү тэмцээнд ялагч болсон тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцвал.

Энэ тэмцээн миний хувьд мэргэжлийн бүжигчин болоод оролцсон анхны Олон улсын тэмцээн байсан. Бүжиг дэглээч Соёлын тэргүүний ажилтан Л.Баттөрийн дэглэлт “Тогоруу бий”, “Ятгын эгшиг” бүжгүүдээр оролцсон. Тэмцээнд явахдаа би өөрийгөө “Гран- При” шагналыг авна гэж огт бодоогүй байсан. Олон улсын бүжигчдийн дунд ороод өөрийгөө сайн бүжиглэж чадах болов уу гэсэн л том айдас их байсан. Тэмцээний өдөр болоход “Монгол улс гэж зарлуулах юм чинь сул дорой айдастай бусад орны бүжигчдэд харагдаж болохгүй” гээд багшийн зааж сургасан зүйлийг сайн бодоод л өөрийнхөө чадах бүхий л чадлаараа бүжиглэсэн.

Тэмцээнд оролцох бүжигчид тайз руу гарах дарааллаа сугалахад би 1 номерыг сугалсан /Инээв./ Тэгээд би дотроо тэмцээний салхийг хагалах юм байна, бэлгэшээлтэй тоо таарлаа даа гэсэн юм бодоод л клюс рүү ороод явсан. Тэр үед Соёлын тэргүүний ажилтан Л.Баттөр багш “зүгээр сайхан тэмцээнийг нээгээд өг” гэж хэлэхэд их итгэлтэй болж билээ. Тэмцээний шагнал гардуулахад тусгай байраас эхлээд нэгдүгээр байр хүртэл бусад орны бүжигчид шагналаа гардаж авахад би ч дотроо за “би хасагдсан юм байна даа” гэж бодсон .

“Гран-При” шагналын эзний нэрийг дуудахад ээжийн минь нэр хамгийн эхэнд дуудагдахад би маш их баярлаж шагналаа гардаж авсан.

Энэ тэмцээн нь миний дараа дараагийн тэмцээнд орох зоригийг хурцалж өгсөн сайхан тэмцээн байсан.

Бүжигчин болоход ямар чадвар хамгийн чухал хэрэгтэй гэж та боддог вэ ?

Бүжигчин болоход хэрэгтэй чухал чадвар бол мэргэжилдээ хайртай байх, уран бүтээлч сэтгэлгээтэй, цаг барьдаг, хариуцлагатай, үг даах чадвартай, хичээл зүтгэлтэй, дасгал сургууль болон тоглолтондоо чин сэтгэлээсээ ханддаг байх гэж боддог доо.

Бүжгийн урлагт хайртай сонирхолтой, хичээллэхээр зорьж байгаа хүүхэд, залууст хандан зөвлөгөө өгөөч?

Бүжгийн урлагаар хичээллэж байгаа хүүхэд залууст хандан хэлэхэд хэрвээ бүжигт хайртай, сонирхолтой бүжиглэхгүйгээр өөрийгөө төсөөлөхгүй байгаа бол битгий шантраарай. Залуу насны эрч хүчийг болон ухаан, тэвчээр суулгах, өөртөө итгэлтэй болгох, гоо сайхныг мэдрүүлэх гайхалтай сайхан мэргэжил шүү гэж хэлье.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …