Б.Баярбаатар: Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш ус болно

Монгол Ардын намын 30 дахь Их хурал дээр тус намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын тавьсан илтгэл олны анхаарлыг багагүй татаж байлаа.

Тэрээр илтгэлдээ эрх барьж байгаа МАН-ын тулгамдсан асуудлыг хөндөж, УИХ-ын зарим гишүүд намын дүрэм зөрчиж, боловсон хүчний бодлого алдагдаж байгааг ч нуусангүй. Өнгөрсөн Их хурлаас хойш Хяналтын Ерөнхий хорооноос 56 иргэний намын гишүүнчлэлийг сэргээж, 42 гишүүнд намаас гарсанд тооцох, 12 гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, тус бүр нэг гишүүнд сануулах, намын гишүүнээс түр түдгэлзүүлэх арга хэмжээг авсан байна. Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар илтгэлдээ “Зарим аймаг, сумын намын хороон дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гарч байна.

Өөрийн эрх мэдэл, эд хөрөнгөнд эрэмшиж намын гишүүд болон ард олноосоо алсран холдох боллоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Намын үйл хэрэгт үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн жирийн гишүүдээ анхаарч үзэхгүй, тэднийхээ хүч дэмийг намын ажилд татан оролцуулахгүй байгааг энэ шүүмжлэл илтгэж байна. Орон нутагт намын гишүүдийн дунд хувийн эрх ашгаараа болон УИХ-ын гишүүдээ дагаж талцан хуваагдах, ямар нэг зөрчил маргаан гарахад олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр бие биенийгээ дайрч доромжлох, бүүр цаашлаад намын журмын нөхдийнхөө нэр хүндийг унагахын тулд эсрэг намтай үгсэн хуйвалдах явдал ч гарах боллоо. Үүнийг даруй цэгцэлж, буруутныг шийтгэж, зөвийг нь өмгөөлж хамгаалаач гэж Хяналтын хорооноос харж хүлээж байна. Хүчирхэг байхын тулд эвтэй байх нь юу юунаас чухал. Гэхдээ бидэнд өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, цөөн хүн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд эв нэгдэл гэдэг үгээр халхавчилдаг, зарчмын шаардлага тавьсан нэгнээ ад шоо үздэг эв нэгдэл хэрэггүй юм. Эв нэгдлээ хичээгээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш ус болно” хэмээн онцолж байлаа.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …