Ч.Мөнхзул: Дорнод аймагт гэмт хэргийн улмаас 24 хүүхэд хохирсон

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2021 оны эхний 7 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзултай ярилцлаа.

Энэ оны эхний 7 сарын байдлаар Дорнод аймагт хүүхэд хохирсон хичнээн гэмт хэрэг гарсан байна бэ?

Дорнод аймгийн прокурорын газраас 2021 оны эхний 7 сарын байдлаар насанд хүрээгүй хүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн нийт 37 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүнээс 23-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  шалгуулсан. Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 20 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 20 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.

Хүүхдүүд ямар төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч  болж байна вэ?

Дорнод аймгийн хэмжээнд дээрх хугацаанд 20 гэмт хэргийн улмаас нийт 24 хүүхэд хохирсон байна. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн улмаас 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 6 хүүхэд хохирчээ. Тодруулбал, гэмт хэргийн улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан 5, хүндэвтэр болон хүнд гэмтэл учирсан тус бүр 1 хүүхэд байгаа бол хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон 11 хүүхэд байна.  Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн 81.8 хувь нь бага насны буюу 14 хүртэлх насны хүүхдүүд байгаа нь анхаарал татаж байгаа юм. Гэмт хэрэгт өртсөн насанд хүрээгүй нийт хохирогчдын нас, хүйсийн байдлыг судлахад 1-8 насны 6, 10-13 насны 8, 14-19 насны 10 хүүхэд байгаагаас 17 нь эмэгтэй, 7 нь эрэгтэй хүүхэд байна.

Дээрх гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөл юу байна вэ?

Хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүлийн орчин буюу эцэг, эх төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүй байдал нийтлэг байна. Мөн хувь хүний боловсрол, амьжиргааны түвшин, гэр бүл салалт, ахуйн хүрээний архидалт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж хараа хяналтгүй байлгадаг, анхаарал халамж тавьдаггүй зэргээс хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болсон тохиолдол их байна. Түүнчлэн насанд хүрэгчид замын хөдөлгөөнд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцох, хамгаалалтын малгай, бүс хэрэглэхгүй байх зэргээр холбогдох хууль, дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч хүүхдийн эрүүл мэнд хохирсон байна.

Хүүхэд хохирсон гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны төлөөлөгчийг хэрхэн томилж оролцуулдаг вэ? Дээрх хэргүүдэд хууль ёсны төлөөлөгчийг томилон оролцуулсан байдал ямар байна вэ?  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасны дагуу 18 насанд хүрээгүй хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодог. Зарим хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтооход хүндрэлтэй асуудал гардаг. Жишээ нь, бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт хохирогчийн гэр бүлийн гишүүн нь тухайн гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол их байдаг учраас ашиг сонирхлын зөрчил үүсэх, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүнгүй болох зэрэг нөхцөл байдал үүсдэг. Ийм тохиолдолд  мөрдөгчийн тогтоолоор Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг юм. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг учраас маш хариуцлагатай байх хэрэгтэй байдаг.

Хүүхэд хохирсон гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлууд юу байна вэ? Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

Аймаг орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хүүхдүүд хохирогч болох тохиолдол тогтмол өсөж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж бие махбод, сэтгэл санаагаар хохирч ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээ авах, гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй үлдэх асуудал гарч байна.

Өөрийн асрамж, хамгаалалтад буй бага насны хүүхдийг гэмт хэргийн хохирогч болох нөхцөлийг бүрдүүлж, үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагч нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байх ёстой. Тиймээс  орон нутгийн төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд хүүхдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага бий болоод байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч хүүхэд хамгааллын тогтолцоог дэмжиж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Аймгийн прокурорын газраас Дорнод аймгийн Засаг даргад дээрх асуудлуудаар прокурорын мэдэгдэл, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт “Ажил сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах” тухай хугацаатай албан бичиг тус тус хүргүүлээд байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …