П.Цэрэндагва:Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг

“Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 гаруй дүрийг бүтээж, драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин П. Цэрэндагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна.Нэг л юманд сэтгэл их өег явна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна.
Төрдөө үнсүүлнэ гэдэг бол сэтгэл хөөрч, огшихын зэрэгцээ бодож санаж тунгаах зүйл их байна.

Үе үеийг өртөөлөн энэ театрыг өдийг хүртэл авч явсан уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе.

Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийг нэгэнтээ эзэгнэж явсан үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.

Ачааны хүндийн үүрэхэд бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.

Сэтгэл хөөрөхгүй, огшихгүй байхын арга алга. Гэхдээ тунгааж бодохоо мартаагүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах хүний ноён нуруутай байх болно гэдгээ хэлье. Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ар талд хань байдаг гэдгийг та бүхэн ойлгож, ухаарч мэдэх байх. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхэн бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун, итгэл бат байж, үйлс буян дэлгэрэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …