“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав.

Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” , дэд байранд МУСГЗ До.Цэнджавын “Хийлч”, гутгаар байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” богино өгүүллэг тодорлоо.

Удаах байруудад Г.Болормаагийн “Сэтгэлийн агь”, Г.Даваасүрэнгийн “Нохойн нулимс”, С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”, Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн”, Б.Цоожчулуунцэцэгийн “Ах”, О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”, Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам” шалгарчээ.

“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрт шалгарсан зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” өгүүллэгийг толилуулж байна.

АГЬ НҮДЭЛЖ БАЙЛАА

Сүмийн ганжирт өлгөөтэй хүрэл хонх олон жил салхинд жингэнэхээсээ уйддаг болов уу? Ерөөс салхийг үзэн яддаг байх гэсэн хачин бодолд ээрүүлсээр Сийлэн нэг юм сэрлээ. Орны хөлд өвгөн нь сууж байна. Царай зүс сайхан, бие тэнхлүүн харагдана. Залуугийн л хөмсөг зангидаж, нүд онийлгон хардгаараа түүнийг ширтэнэ. “ Би удаан унтав уу?” гэсэнд ” хангалттай” гэж хэлээд инээмсэглэв. Хамаг зүйлс хуйлран эргэлдэх шиг болоод цээж нь давчдаж, унаад өгснөө там тумхан санана. Тэгээд л бодлын хачин урсгалд халтираад эсвэл хэн нэгэн түүнийг түлхээд оруулчихсан ажээ. Дахиад л нүдээ алгуурхан анив. Өтгөн ургасан өнжмөл шар өвстэй ч урин цагийн эрхээр үл мэдэгхэн ногоон туяа суусан тал үзэгдэнэ. Агь нүдлэж байна даа? гэж өөртөө шивнээд нүдээ нээв.

Эргэн тойрон нь өмнөхөөсөө арай илүү тодрон саруулсжээ. Түүний дэргэд хэдэн жилийн өмнө хэнхдэг дүүрэн харуусал орхиод жамын хаалга татаж одсон өвгөн нь биш том охин нь нимгэн цамцныхаа энгэрийг ширтээд толгой гудайлган сууж байлаа. “Аав нь хаачаа вэ?” гэсэнд охин нь ийш тийшээ нэгжин харснаа “аав…” гээд чимээгүй болов. Нэгэн хором хорвоо ертөнцийн хамаг бүхэн дуугаа татсан мэт нам гүм оргив. Сийлэн толгойгоо өндийлгөж, цонхоор тусах нарыг харах гэж хичээгээд тийм тамир тэнхээ үлдээгүйг ойлголоо. “Ямар ч байсан хэдэн муу хүүхдээ хөлдүү газар нүдүүлсэнгүй. Тээр жил багын найз нь дүн өвлөөр нүд аньж, газарт нь яваад осгохоо шахсан өвгөн нь оройхон орж ирээд халуун цай оочлон уухдаа ”За даа, хүний хэзээ үхэх товгүй ч өвөл л талиймааргүй юм байна. Үлдсэн хэддээ зовлон болох юм. Өдөржин нүдээд арайхийж нэг юм хонхойллоо” гэж хэлээд санаа алдаж суусныг санав. Гэнэт туулсан амьдралынх нь өдөр хоногуудын учрал тохиол сэргэн жигдэрч үсчний газрын цэлгэр цонх ширтээд ханиа хүлээж суудаг байсан залуу насаа ч санав. Сийлэн үсчин байжээ. Хэчнээн хүний үсийг засаж, хэчнээн ч олон толгой илбэсэн гэх вэ? Гэтэл тэр олон толгойны одоо хэд нь газар дор орж, хоосон ухархай, хохимой дүртэй хэвтээ бол гэж бодоход хүйтэн жихүүдэс хамаг биеийг хулдан хучих шиг л болжээ.

“Нээрээ аав нь байхгүй л дээ. Ухаан санаа орж гараад эвий муу охиноосоо элдэв дэмий юм асууж зовоосон байна. Гадаа ч ус гэсэж, урь орчихож дээ. Ээжийнх нь санаа амарлаа. Хорвоогийн жам хойно, одоо аавынх нь хойноос явж, муу хөгшнөө олж уулзах минь” хэмээгээд хамаг хэргээ бүтээсэн мэт хангалуунаар инээвхийлээд хошуу цорвойв. Охин нь “ус гэсэх…” гэж чангаар хэлээд чимээгүй болов. Мөн л эргэн тойрны хамаг бүхэн дуугаа хураасан мэт хэсэг хоосон хөндий, ажин түжин болов. “Ээж нь өвлийн хүйтнээр та хэдийг хөлдүү газар нүдүүлж.. гэх үед хаалга хяхтнан онгойх дуулдаж, бага хүргэн, том зээ хоёр нь ар араасаа цувралдан орж ирлээ.

-Ээ, ашгүй бурханы минь аврал. Ээж сэрчихээ юу? хэмээн гандан хийдийн муугүй номтой лам гэгддэг бага хүргэн нь дуу алдаад сүртэй гэгч нь алга хавсран залбирав. Сийлэн түүнийг паргиа бүдүүн хоолойгоор нь таньж ”Ганбаа хүү минь өнөөдөр чинь хаврын эхэн сарын хэдэн бэ?” хэмээн олон сар олигтой ч дуу гараагүй гэхэд итгэмээргүй хэрэндээ цовоо дуугаар чанга асуув. Ганбаа юу юугүй хариулахаар амаа ангалзуулах үед том охин сая орж ирсэн хоёрыг дагуулсаар яаран өрөөнөөс гаржээ. Сийлэн өргөн орноос өөр хогшилгүй ханхай том өрөөнд ганцаар үлдсэнээ ойлгосонгүй, нүдээ алгуурхан аниад мөнхийн аниргүйд хүн хэрхэн живэн оддогийг санан бодсоор байлаа. “Аав минь яасан билээ. “Боллоо, боллоо” гээд амьсгал татсан, ээж болохоор хэнтэй ч юу ч яриагүй, шанааг нь дагаад л хоёр нүднээс нь нулимс бөмбөрөөд байсан. Хөгшин минь яалаа. “Надаас хойш чи минь…” гээд үгээ дуусгаж амжаагүй өөд болсон шүү дээ. Одоо миний ээлж иржээ. Өнөөдөр тэсэх ч маргааш барахгүй. Тэгээд ч надад хувь ерөөл, хэдэн хүүхдэд минь буян байжээ. Цагийн урь үзчихлээ. Би яах вэ, жамаас хаа мултрах” гэж боджээ.

Удалгүй өрөөнөөс гарсан гурав цувралдан орж ирлээ. Том охин нимгэн эрээнээ сольж, хүрэн өнгийн зузаан ноосон цамц өмсжээ. “Ээж та чинь юу л яриад байна даа. Юун ус гэсэх, гадаа жавар тачигнаж байхад” гэхэд хүргэн Ганбаа яаран залгаж” ээж минь өнөөдөр чинь өвлийн эхэн сарын шинийн арван шүү дээ” хэмээн сөөнгөдүүхэн унзад хоолойгоор хүнгэнүүлэв. Том зээ нь мөр хавчигнуулан “ өнөөдөр ёстой хүйтэн байна” гэж сулхан бувтнав. Сийлэн “ юу..” гээд чимээгүй болов. Эргэн тойрны хамаг юмс дуугаа барсан мэт чимээ аниргүй дүүрнэ.

“Үнэн үү?” хэмээн түүнийг цөхрөнгүй асуухад зэрэг зэрэг “өвлийн эхэн сар, өвлийн эхэн сар, гадаа хүйтэн, гадаа хүйтэн” гэж давтан давтан ханхай өрөөг цуурайтан бараг л хашгиралдав. Сийлэн “ сарьс болсон хөгшин толгой андуурчээ. Агь нүдлэж үзэгдсэн нь зүүд байжээ. Зүүд сэрүүнээ ч ялгахаа байсан зүүлэг амьтан” гэж өөрийгөө хараагаад “ тэгвэл ч “ гэж хэлээд нүдээ нээлээ. Охин нь аягатай бүлээн цайнаас халбагадан уулгахад Сийлэн гүдхийн залгив. Цээжийг зуран орох шингэн хоолойг нь тэсэхгүйеэ бэрх өвтгөсөн ч “өвөл өнгөртөл тэсэх, салхины үзүүр зөөлөртөл тэвчих” гэсэн бодол хамаг зовуурийг нь дарав.

Эхэндээ их л эргэлздэг байлаа. “Үгүй, анх муурч унахад өвөл шувтарч байсан даа. Байз, намар ч байл уу? Тэгэхээр хэчнээн олон хоног ухаангүй дугжирч, энэ хэдийгээ тарчлаасан амьтан бэ, би чинь. Ёстой үйлтэй толгой. Толгой гэснээс залуудаа амьтны үс толгойгоор их оролдохоор ийм болдог хэрэг. Тэр ажилдаа яасан дуртай байсан гээч. Ингэж тарчлахаа мэдэхгүй хайч ангалзуулаад л…” гээд хүчлэн байж цээжээ өндийлгөв. Өрөөнд бага охин нь өнгөрсөн жилийн өвлөөр худалдан авсан гэх хачин үнэтэй үслэг дээлийнхээ сорыг гялтагнуулан орж ирлээ. “Ашгүй нэг юм хүйтэрч булган дээлээ өмслөө. Ээж бие нь яаж байна. Царай чинь сайхан харагдаж байна. Та одоо ийм хүйтэнд..” гэснээ өсгий өргөн цонхны салхивчийг хааснаа” даарахгүй байна уу, та. Энэ жилийн өвөл ч ер нь их хүйтэн байна” гэлээ. Сийлэн түүнийг янз муутай харснаа” булга гэж тохой хүрэхгүй амьтан байдаг юм. Чи ч мөн олон амьтны амь нөмөрч явна даа” гэсэнд “ээж бүр дориун, хэрүүл хийхтэй байна” гээд тас тас инээв. Эмгэний эргэлзээ бүрмөсөн тайлагджээ.

“Хүүхдүүдээ л зовоож болохгүй. Хөлдүү газар…Ямар ч байсан тэснэ” гэсээр цаг наашлах урин хаврыг хуруу даран тоолох болов. Хоног хоногоор бие тэнхэрч, хоол унд ч хоолойг нь давах болов. Хүүхдүүд нь ч баяртай байлаа. Хахир хүйтэн өвлийн жавар гадаа тачигнаж, өвчинтэйгээ биш өвөлтэй тэмцэлдэж байгаа Сийлэн эмгэний дотроос ямар их хүч булгийн эх шиг бургилан байгааг төсөөлөхийн аргагүй. Амьд явахын хүч гагцхүү бодолд бүрэлддэг ажээ.

Гэхдээ ирэх өдөр болзолгүй билээ. Саяхан сургуульд орсон түнжгэр толгойт хүү, ээждээ зовсон сэтгэл нь ялимгүй тайтгарсан эцэг эхийнхээ эзгүйд “эмээ, эмээ” гэж хашгирсаар өрөөнд нь орж ирэв. Хүүгийнхээ хөлстэй духыг үнэрлэсэн Сийлэн эмгэнд нэг л сэжиг төржээ. “Гаднаас орж ирэх шиг л болсон. Яасан халууцсан дамшиг вэ” гэж бодоод “өвлийн хүйтэнд яасан их хөлрөө вэ? гэсэнд хүү нүд эргэлдүүлэн” Юу вэ, эмээ. Өнөөдөр манай сургууль амарсан. Удахгүй зуны амралт болно” гээд нэгийг санав бололтой амаа барьсаар годхийн гарч одов. Эмгэн сая л бүгдийг ойлголоо. Зун, зун гэдэг үг хоолойг нь зүсэх шахуу ордог балга цай шиг залгиур дээр нь тээглэж орхив. Цээжний хөндийд хөгжмийн хялгасан утас тасрах шиг бүдэгхэн чимээ сонсогдоод нүдээ анилаа. Орны хөлд өвгөн нь хөмсөг зангидаж, нүд онийлгон түүнийг ширтэж сууна. “Явах уу даа” гэхийг нь сонсоод Сийлэн эмээ туйлаас баяртай толгой дохилоо.

Өнгөрсөн намрын өнжмөл шар өвсийг үмхэн дарсаар үл мэдэгхэн ногоон туяа суусан хаврын талд агь нүдэлж л байлаа.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …