Менежмент хэрхэн хийх вэ

Хувьсан өөрчлөгдөж буй менежментийн ертөнцийг энгийн, график аргаар тайлбарласан энэхүү ном нь хүсэл эрмэлзэлтэй орчин үеийн хүн хийгээд оюутан сурагчдад менежмент гэж юу болох, хэрхэн ажилладгийг нь ойлгоход туслах ба цаашлаад менежерүүдэд бизнесийн ертөнцийг удирдан жолоодож, менежментийн хэв маягаа сайжруулахад нь хөтөч болох бүтээл аж.

Менежментийн онол, түүнийг практикт хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн хүмүүсийн менежмент, харилцаа холбооны талаар өгүүлэх тус ном бизнесийн чиглэлийн хүмүүст л хамаатай мэт сонсогдох авч номын хуудсыг нээгээд үзэхэд л хүн бүрд хамаатай гэдэг нь ойлгогдоно. Байгууллагыг удирдахуй, Хүмүүсийг удирдахуй гэсэн бүлгүүдээс гадна Хувийн менежмент гэх бүлэг нь бизнесээс хол уншигч надад ихээхэн ач холбогдолтой санагдав.

Учир нь хүн болгон өөрийгөө хөгжүүлэх, баян чинээлэг амьдрах, өөрийн нөлөөллөө тэлэх эрмэлзэлтэй байдаг ч нийгэмтэй харилцах арга барилаа тэр бүр зөвөөр тодорхойлж чаддаггүй. Өөрийгөө дутуу үнэлэх, биеэ голох зэргээр хувь хүнийхээ хандлагыг төдий л эргэцүүлдэггүйгээс элбэгхэн чадах зүйлээ бүтээж чадахгүй хоцрох, эсвэл өөртөө нуугдсан авьяас билгээ олж харахгүй алдах явдал гардаг. Тэгвэл энэхүү номд хүн өөрийн төрөлх чадвар, наад захын боломжоо зөв удирдан чиглүүлж, амжилтад хүрэх аргыг өгүүлжээ.

Жишээ нь, тус бүлгийн “Сэрэмжтэй байх” хэсэгт “Бэлдэхгүй байснаар та бүтэлгүйтэхэд бэлдэж байна” хэмээн ишилсэн агаад өөдрөг байх нь зүй ёсны хэрэг боловч болгоомжтой байж тохиолдож болзошгүй бэрхшээлээс сэрэмжилж байх нь зорьсондоо хүрэх магадлалыг өсгөнө гэжээ. Мөн “Цагийн менежмент” хэсэгт “Ихэнх хүмүүс бусад хүмүүсийн үрэн таран хийдэг цаг хугацаанд урагш ахидаг” гээд Паретогийн 80/20-ийн зарчим, үр дүнтэй байдал хийгээд үр ашигтай байдлын ялгаа, цаг хугацааг хэрхэн ухаалгаар ашиглах зэрэг сонирхолтой жишээнүүд татан цагийн менежмент хэрхэн хийх талаар тайлбарлажээ.

“Бусдыг таних нь ухаан, харин өөрийгөө таних нь жинхэнэ мэргэн ухаан” хэмээн эшилсэн “Хувийн нөлөөлөл” хэсэгт өөрийн хувийн нөлөөллөө ойлгож, хөгжүүлэх нь танд үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, амжилттай карьерыг бий болгоход тусална гэжээ. Энэ мэт карьер бий болгох, үр дүнтэй холбоо тогтоох, ажил амьдралын тэнцвэр гээд орчин үеийн хүнд тулгамдсан асуудлуудыг хэрхэн менежмент хийн шийдвэрлэж болох талаар энэ бүлэгт дэлгэрэнгүй, нэг бүрчлэн тусгасан байна.

“Америкийн Нэгдсэн Улсад ажилчид 4 жил тутамд ажлын байраа сольдог”, “Оролцоо өндөртэй баг 21% илүү ашигтай ажилладаг”, “Ажилчдын 1/5 нь утга учиртай ажлаар сэдэлждэг”, “Олон янз байдал буюу нас, хүйс, үндэс угсаа үл хамааран ажиллах нөхцөл бүрдүүлсэн багийн гүйцэтгэл 35%-иар нэмэгддэг” гэх зэрэг сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэн бичигдсэн тус ном танд нүсэр агуулгыг тун товчхон өгүүлнэ.

Н.НАНДИНЧИМЭГ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.