“Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз, дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн хүрээнд бүтээгдсэн хүүхэлдэйн дүрүүдийг танилцуулж, Монгол Улсад “Puppet movie” төрлөөр бүтээж буй анхны бүрэн хэмжээний кино бүтээл хэрхэн бүтэж буйг гэрэл зургийн үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнд тавигдсан хүүхэлдэйнүүдийг цаасан шуумал, эсгий, зөөлөн эдлэл ашиглан бүтээсэн бөгөөд тус хүүхэлдэйнүүд таягт хүүхэлдэйн төрлөөр бүтээгдсэн юм. Мөн Монголын театрын музейн байранд кинонд ашиглагдсан готик болон байгалийн сүр жавхланг харуулсан макетуудыг тусгайлан бэлдсэн байна.

Пөөдөө төсөл нь бүрэн хэмжээний Уран сайхны кино бүтээл, Хүүхэлдэйн жүжгийн уран бүтээл нэг, 30 ангит хүүхдийн нэвтрүүлэг, дүрслэх урлаг, театр, дэлгэцийн урлаг, гэрэл зургийн бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн, Хөгжмийн бүтээлийн концерт, Соёл, боловсролын бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргээс бүрдсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл юм.

Төслийн хүрээнд хийгдэж буй “Пөөдөө” уран сайхны кино нь Монгол Улсад анх удаа, Ази тивд хоёр дахь удаа “Puppet Movie” төрлөөр бүтээж буй бүрэн хэмжээний кино гэдгээрээ онцлогтой.

“Пөөдөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагчаар О.Батзориг, жүжгийн найруулагчаар Я.Өнөртуяа, ерөнхий зураачаар с.Энх-Од, Г.Алтаншагай, ерөнхий зураглаачаар Ц.Цэрэндорж нар ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.