Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол улсын гавьяат багш цол хүртээлээ

Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдсаны 65 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүд төрийн одон, медаль хүртлээ.

Энэ үеэр Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч “Бага ангийн багшдаа баярлалаа” дууны зохиогч Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Хөгжмийн зохиолч С.Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг юм. Түүний зохиосон 100 гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотнын найзууд, Анхны хайр зэрэг олон сайхан дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд болсоор байна.

Тэрээр уран бүтээл туурвихын зэрэгцээ олон авьяаслаг хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлж урлагийн ертөнцөд гаргаж ирсэн бөгөөд одоо ч түүний шавь нар нэмэгдсээр л байна. Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, Хар сарнай хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргал, Никитон хамтлагийн хөгжимчин Б.Цогоо, Г.Золбоо, Маршил хамтлагийн ахлагч, хөгжмийн найруулагч Ц.Уянга, дуучин Л.Байздаа, Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Н.Өнөдэлгэр гээд олон авьяаслаг дуучид ,хөгжимчдийг Монголын урлагийн ертөнцөд бэлтгэн гаргаж ирсэн нөр их хөдөлмөрч, чадварлаг, багш.

Хөгжмийн зохиолч С.Батболд нь Багшийн их сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр 1978 онд төгссөн бөгөөд өөрийн сонирхлоороо хүүхдийн дууны хөгжмийг 23 настайгаас зохиож эхэлж өдгөө 40 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна.

Гавьяат багш С.Батболд нь Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сурах бичгүүдийг зохиох багийн ахлагчаар ажилласан бөгөөд 2006 онд 1-3-р ангийн сурах бичиг, 2009 онд 8-9-р ангийн сурах бичгийн зохиогчдын багын ахлагчаар, 2011 онд 4-р ангийн хөгжмийн хичээлийн сурах бичгийг зохиох зохиогчдын багт ажилласан.

Түүнчлэн Монголын үндэсний телевизийн Мазаахай нэвтрүүлгийн дуу “Би Мазаахай байна” , “Дасгалаа хийгээрэй 1,2,3,4”, “Маамуу нааш ир” нэвтрүүлгийн Бүүвэйн дуу, С1 телевизийн Унагалдай нэвтрүүлэгтэй хамтарч “Унагалдайн караоке” хүүхдийн дуунуудыг зохиожээ.

Хүүхдийн элч, Хөгжмийн зохиолч С.Батболд нь “Бойтогтой Монгол” үндэсний анхдугаар наадмаас “Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”-оор, “Гэгээн Муза 2011” наадмаас “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээрээ “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор тус тус шалгарсан хүүхдийн төрөлд авьяас билэг ур чадвараа дайчлан ажиллаж байгаа хуруу дарам цөөхөн уран бүтээлчийн нэг билээ.

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …