Өсвөр насны арьс арчилгааг хэрхэн хийх вэ?

Дийлэнх хүмүүс өсвөр насанд хүрээд арьсныхаа анхны асуудалтайгаа тулгарсан цагаас эхлэн арьсаа арчилж эхэлсэн байдаг. Тэгвэл чухам энэ үед нь л хүүхдүүдэд зөв мэдлэг олгож, чиглүүлж, арьсаа хэрхэн арчлах талаар ойлгуулж өгөхгүй бол өсвөрийнхөн маань арьснаасаа болж стрессдэн дур мэдэн арчлах гэж оролдооод арьсаа гэмтээдэг гэдэг нь нууц биш ээ. 

Өсвөрийнхөнд түгээмэл тохиолддог арьсны асуудал нь: батгаших, тослогтох, хуурайших, эмзэгшиж улайх байдаг.

1 Цэвэрлэгээ

  • [Эмэгтэй] Нүүрээ будсан бол орой нь заавал угааж хэвшье. Охидууд маань орой ядарсан үедээ будагтайгаа унтах эсвэл завгүй үедээ залхуураад хаях гээд байдаг. Нүүрний будаг арилгагчаар нүүрээ цэвэрлэж, зөөлөн нүүр цэвэрлэгчээр нүүрний бохирдлоо арилгаж нэг удаад хоёр алхамт цэвэрлэгээ хийж байгаарай.
    • Ингэснээр нүүрний будаг арьсны нүхийг бөглөж маргааш нь батга гарах, арьсыг хуурайшуулахаас сэргийлнэ.
  • [Эрэгтэй/Эмэгтэй] Өдөрт хоёр удаа өглөө, оройдоо нүүрээ заавал угааж хэвшье. Ингэхдээ зөвхөн усаар зайлаад орхихгүй зөөлөн нүүрний цэвэрлэгчээр угаая.
    • Өглөөдөө нүүрээ цэвэрлэснээр шөнийн турш хуримтлагдсан тос, хөлс, бохирдлыг арилгана. Оройдоо нүүрээ цэвэрлэснээр өдрийн турш хуримтлагдсан бохирдлыг мөн цэвэрлэх учир тослогжилт, батга багасна.
  • Батга нь үхэжсэн арьсны эс, илүүдэл тос, бактериас болж үүсдэг учир скрабаар үрээд, гуужуулаад, өдөрт хэд дахин угаасан ч арилахгүй. Батгыг хатааж байна гээд спирт, лимон, хүнсний содоор арчих, чийгшүүлэгч тос түрхэхгүй явах нь батгыг хүндрүүлэхээс өөр нэмэргүй учир зориулалтын бус бүтээгдэхүүнийг арьсандаа хүргэхгүй байцгаая.

2  Гуужуулах

  • [Эмэгтэй/Эрэгтэй] Тос ихээр ялгаруулж батга гардаг арьсыг тогтмол гуужуулж байх нь маш чухал. Хэрвээ скрабаар арьсаа гуужуулах гэж байгаа бол долоо хоногтоо 1-2 удаа, зориулалтын нүүрний гуужуулагч скраб сонгоорой.
    • Гуужуулалтаа хэтрүүлэн хийвэл арьс хуурайшиж, улайж, үрэвсэж гэмтэнэ.
  • Өөрөө дур мэдэн сахар, давс, хүнсний сод, кофены нунтгаар арьсаа хүчтэй үрж гэмтээхгүй байя.
  • Хэрвээ химийн гуужуулагч буюу хүчил ашиглан арьсаа гуужуулах гэж байгаа бол зааврыг ягштал дагаж мөрдөн хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Учир нь химийн гуужуулагч нь төрөл бүрийн хүчлийг өөр өөр тунгаар агуулсан байдаг учир хэрэглэх заавар нь ч гэсэн ялгаатай байна. Гэхдээ химийн гуужуулагч нь арьсанд скрабаас илүү үр дүнтэй байна.
    • Гуужуулагчийн төрлөөс хамаараад 7 хоногтоо 1-3 эсвэл өдөр болгон хэрэглэж болно.

3 Арчлах

  • [Эмэгтэй/Эрэгтэй] Нүүрээ цэвэрлэснийхээ дараа тонероор арьсаа чийгшүүлж, зөөллөж, дараа дараагийн арьс арчилгаанд бэлдэнэ. Тонероо сонгохдоо тослог арьстай бол хурдан шингэдэг хөнгөн бүтэцтэйг, хуурай арьстай бол илүү гүн чийгшүүлэх өтгөн бүтэцтэй тонер сонгоорой.
    • Эмийн сангуудад зарагддаг батгыг хатаах, цэвэрлэх зориулалттай спирт үнэртсэн тонерыг битгий сонгоорой. Энэ алхам бол арьсыг чийгшүүлэх зорилготой болохоос хатаах зорилгогүй.
  • Хэрвээ чи батга болон өөр арьсны асуудалтай бол нэмж серум, эссенцнээс сонгон арьсныхаа асуудалд тааруулан хэрэглэж болно.

4 Чийгшүүлэх

  • [Эмэгтэй/Эрэгтэй] Өглөө, оройдоо нүүрээ цэвэрлээд тонероо түрхсэнийхээ дараа чийгшүүлэгч тос заавал түрхээрэй. Чийгшүүлэгч тос нь арьснаас чийг ууршин алга болж арьс хуурайшиж гэмтэхээс сэргийлдэг хамгийн чухал алхам.
    • Чийгшүүлэгч тос болгон өөр өөр бүтэцтэй, үйлчилгээтэй байна: Тослог арьстай бол илүүдэл тосыг тэнцвэржүүлж чийгшүүлэх үйлчилгээтэй хөнгөн тос сонгож болно. Хуурай арьстай бол чийг алдагдахаас сэргийлж арьсыг хамгаалдаг өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос хэрэглэж болно. Эмзэг арьстай бол арьсны үрэвслийг намдааж, тайвшруулж, улайлтыг багасгах элдэв бодис ороогүй чийгшүүлэгч тос сонгох хэрэгтэй.

5 Хамгаалах

  • [Эмэгтэй/Эрэгтэй] Чийгшүүлэгч тосоо түрхсэний дараа өглөө заавал нарны тос түрхэж дадах хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа арьсны эсийг гэмтээж яваандаа үрчлээс, толбо, борлосон арьсыг бий болгодог тул өдөр бүр нарнаас арьсаа хамгаалаарай. Батганы сорвитой бол нэн ялангуяа нэмж харлаж, гүн тогтохоос нь сэргийлж нарны тос түрхэх хэрэгтэй.
    • Дор хаяж “SPF 30 PA+++” тэмдэглэгээтэй нарны тосыг зоосны хэмжээтэй тэнцэхүйц ихийг авч нүүр, хүзүүндээ түрхээрэй.
    • Хэрвээ өдрийн туршид наранд байгаа бол 2 цаг тутам нарны тосоо дахин түрхэх шаардлагатай. Мөн битүү хувцас өмсөж биеийн бусад хэсгүүдээ хамгаалаарай.
    • Усны хамгаалалттай нарны тос арьсны нүхийг бөглөдөг учир батгатай, тослог арьсанд тохиромжгүй.

6 Батга эмчлэх

  • Ямар ч батгыг ямар ч тохиолдолд шахаж болохгүй. Шахсанаар гарын үзүүрээр дамжин шарханд бактери орж шахсан батга илүү үрэвсэлтэйгээр дахин гарна. Мөн шахсанаар арьс гэмтэж сорви тогтохоос гадна батга арьсны гүнээр тархаж хажуу хавьд нь үсэрхийлж гардаг. 
  • Нүүрэндээ утас, гар, дэрний уут, үсээ хүргэхгүй байх. Ингэснээр бактери нүүрэн дээр дамжиж батга үүсгэхээс сэргийлнэ.
  • Батганд сайн найрлагууд нь: Цайны модны тос (tea tree oil), салицилын хүчил (salicylic acid), benzoyl peroxide, хүхэр (sulfur), AHA (альфа-гидроксийн хүчил). Эдгээрийг агуулсан батганы тос, түрхлэг илүү үр дүнтэй. 
  • Үрэвсэлтэй, улайсан батган дээр 10 минутын зайтай өдөрт 3-4 удаа мөсөөр жин тавих.
  • Тослог арсьтай бол зөөлөн шавар маскыг хэрэглээд үзээрэй.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.