А.Ариунзаяа: Хүүхэд хамгааллын салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, шинэ шатанд гаргаж ажиллах нь чухал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат Монгол сүлжээ, Хүүхдийн эрхийн форум, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн төлөөлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХ-ын сайдын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Т.Түвшин, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд нийт 50 гаруй хүн оролцов.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэшсэн, цогц, гэр бүл төвтэй байх тухай хуульд заасан зарчмыг баримталж, төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах талаар дурдлаа.

            ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа төрөөс хүн амын хөгжил хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн талаар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах чиглэл, “Лантуун дохио” ТББ-ын Тэргүүн У.Ганбаяр төр,  төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлага, цаашид хамтран ажиллах саналыг тус тус танилцуулж, уулзалтад оролцогчид нээлттэй санал, асуулт тавьж оролцлоо.

            Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих орчин, үйлчилгээг сайжруулах;

–       Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад ТББ-уудтай хамтран ажиллах;

–       ТББ-уудын дундын офисстой болж, мэдээлэл солилцох, харилцан туршлагаа хуваалцах боломжийг бий болгох;

–       Нөлөөллийн ажлын салбар дундын стратегитэй байх;

–       Нийгмийн ажлын статусыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үйлчилгээг дэмжих;

–       Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар оролцогчид саналаа хэллээ.

Уулзалтыг дүгнэж, салбарын сайд хэлсэн үгэндээ өөр өөрийн сайн туршлагатай мэргэшсэн болон шинэ залуу олон байгууллагууд байгааг онцлоод, цаашид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.