У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт 116 төсөлд 2.2 тэрбум орчим ам.долларын санхүүжилтыг олгож, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийлэв.

ЕСБХБ нь Монгол Улсад санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хатагтай Сюзанна Харгитай цаашид хамтын ажиллагааг цахим шилжилт, ногоон хөгжил, хувийн хэвшил, нэн ялангуяа залуу бизнес эрхлэгчдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа хэллээ. ЕСБХБ-ны зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нэн ялангуяа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд туршлага хуваалцаж, тодорхой судалгаа гаргаж хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгал, ногоон хөгжлийн асуудал бол дэлхий нийтийн асуудал гэдгийг онцолж, Монгол Улс ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг хэрэгжүүлж, тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” зэрэг баримт бичиг нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”-д нийцсэн бөгөөд Монгол Улс нь төр, засгийн бүх түвшинд нэгдмэл байр суурьтай байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтаар ярилцсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ тодотголоо.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …