Чой Чан Ил: 2030 оны Азийн наадмын хөтөлбөрт заалны шүхрийг оруулахаар төлөвлөж байна

Азийн шүхрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чой Чан Ил тэргүүтэй төлөөлөгчид МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Азийн холбооноос тус спортыг тив болоод олон улсад хөгжүүлэхэд Монголын шүхрийн холбооны үүрэг оролцоо багагүй бийг ноён Чой уулзалтынхаа эхэнд онцолсон. Мөн Монголд шүхрийн тэмцээн зохион байгуулах, багш дасгалжуулагчдыг чадавхжуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Заалны шүхрийн төрөл бол аюулгүй спорт. Бид энэ төрлийг Азийн наадам, цаашлаад зуны олимпын наадмын хөтөлбөрт оруулах хэтийн зорилготой. 2030 онд Катарын Доха хотод Азийн наадам болно.

Катар бол шүхрийн спортыг өндөр түвшинд хөгжүүлсэн, хэрэглэл материал, дэд бүтцийн хувьд дэлхийд эхний гуравт орох хэмжээний улс. Тиймээс 2030 оны Азийн наадмын хөтөлбөрт заалны шүхрийг оруулахаар төлөвлөж байна. Үүний тулд уг төрлийг улс орнуудад жигд хөгжүүлэх шаардлагатай.

Монгол Улсын хувьд заалны шүхэр төдийлөн хөгжөөгүй ч оройтоогүй байна. 2030 он хүртэл хугацаа байгаа болохоор хамтран хөгжүүлж чадвал богино хугацаанд амжилт гаргах боломжтой” гэв.

Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар тэднийг зочлон ирсэнд талархлаа илэрхийлж, олны сонирхлыг татсан шинэ төрлийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …