Бурхан халдун уулын нэр ямар учиртай вэ?

Хүний хэл яриа хэзээ үүссэнийг хэн ч мэдэхгүй. Янз янзын онол бий ч алин ч батлагдах боломжгүй. Санал нэгдсэн тодорхойлолт нь бол бий: Хүний хэл бол харилцааны явцад бусад хүний санаа бодлыг хуваалцах чадвар. Хүний ярьдаг чадвар 7-р хромосом дээр гарч ирсэн FOXP2 гэсэн мутацлагдсан гений үр дүн гэсэн нээлтийг саяхан генетикчид олсон. Гэхдээ энэ ген шимпанзе болон хомо сапиэнсээс өмнөх хүн дүрстнүүдэд байдаггүй гэнэ. 

Хүмүүс ярьж сураад эхэндээ нүдэнд харагдах ойр орчмын юмаа л нэрлэдэг байсан байх. Уул ус, тэнгэр, газар, гол ус, нэг хоёр гурав, аав ээж, хоол, эсвэл унтах сэрэх, идэх уух, баах шээх гэх мэтийн үйл үгс. Дэлхийн бараг бүх хэлэнд “би” гэх үг “м” авиагаар (манай, миний), “чи” гэх төлөөний нэр “т” авиагаар эхэлдэг (танай, та) гэх. Мөн “ээж” гэхийг “ма”, ”мама” (мээм) гэдэг гэнэ. Эндээс бүх хэл анхлан нэг газарт үүсч цааш хувилсаар өргөжсөн гэх онол-таамаглал ч бий. 40 мянган жилийн өмнө ухаант хүн Африкаас нүүдэллэн Синайн хойгоор дамжин бусад тив рүү тархсан ба тэдний тоо дөнгөж 10-20 мянга байсан гэдэг. Энэ үнэн бол ийм цөөн хүмүүс нэг төрлийн хэлээр ярьдаг (ойр зуурын юмсыг адилхан нэрлэдэг) байсан байж болох л юм.

Хүн төрлөхтөн Антарктидаас бусад бүх тивд тархан байрлах явцдаа гол ус, уул нуруудад нэр өгсөн байж таараа. Энэ нь явах зүг чигээ тодорхойлон ойлголцоход нэн ач холбогдолтой. Монголын өндөрлөгийн ихэнх том гол мөрөн уул нурууд түрэг овгийн нэртэй байдаг нь энд эхлэн суурьшсан хүмүүс тэр зүгийнхэн байсантай холбоотой байх. Алтай (Улаан уул) Хэнтий (Их уулс), Хөвсгөл (Хөх ус нуур), Увс (Гашуун ус), Байгал (Баян нуур), Туул (Дүүрэн), Орхон (Төвийн хаан), Отгон тэнгэр (Тэнгэрийн голомт) гэх мэт. Сэлэнгэ бол төмөр гол гэсэн манж үг. Энэ нэр манжийн үед хожим өгөгдсөн болов уу. Уул усанд хожим үеийнхэн цол хэргэм өгөх явдал байдаг учир хуучин нэр нь мартагдах тохиолдол бий. Дүнжингарав, Цамбагарав гэх төвд, Зайсан толгой гэх манж нэрс нь дээдэлсэн цол хэргэмэрхүү. Богд уулыг нэг хэсэг Чойбалсан уул гэж албан ёсоор нэрлэж байсан.

Өөр нэг хачирхалтай нэр бол Бурхан халдун уул юм. Корон сударт ийм мөр байна: “Жүүд болон загалмайтнаас өөр хэн ч диваажинд хүрч чадахгүй гэлцэнэ, тэд. Энэ бол төөрөгдөл. «Та нар үнэн хэлж буй бол нотолгоогоо (арабаар БУРХАН) гарга» гэж тэдэнд хэлэгтүн”. 

Лал ёсоор НОТОЛГОО – ариун үг. Мөн сайн ёр, сайны тэмдэг, баримт гэсэн утга ч илэрхийлнэ. Корон судар анх араб хэлээр бичигдсэн, ХХ зуун хүртэл Короныг арабаас өөр хэлээр орчуулахыг хориглодог байж. Короныг зөвхөн арабаар уншиж, арабаар тогтоож цээжлэх ёстой. Иймээс 1500 жилийн турш араб хэл элдэв хувилбар өөрчлөлтөд ороогүй эх утга, хэллэг хэлц, санаагаа хадгалсаар өдий хүрсэн хэл гэж үздэг. 

“Халдун” бол мөнх гэсэн утгатай мөн араб үг аж. Үхэшгүй, үүрдийн гэж ч орчуулж болох. “Халада” гэх үлдэх, үхдэггүй, дуусдаггүй гэсэн үгийн үйлээс үүссэн гэж тайлбар тольд бичжээ. Энэ үг сайныг бэлгэддэг учир хэл хэлэнд “мөнх” гэсэн утгатай нэр элбэг аж. Хамгийн алдартай Халдун бол Тунисын алдарт аялагч, социологийн ухааны эцэг гэгддэг Ибн Халдун. Цаашилбал Халдун Алагас, Халдун Багдади, Халдун Дорман гээд араб түрэгийн олон алдартны нэр толь бичгээс зөндөө олдож байна. 

Бурхан гэсэн нэр бүр элбэг аж. Ялангуяа түрэг угсаатны дунд. Нотолгоо гэсэн араб үгийн “хан” гэсэн сүүлийн үе нь түрэг хэлний “хаан” гэсэнтэй давхцаж буй тул түрэг угсаатнууд үүнийг ихэд билэгшээж “Бурхан” гэдэг нэр хүүхэддээ өгөх нь элбэг гэж тайлбарласан байна. Араб “Бурхан” ч олон. Бурхан Али, Бурхан Назим, Бурхан Атак, Бурхан Шинэвари… Мөн оросжсон түрэг угсаатны дунд Бурханов, Бурханский, Бурханович гэх мэт овгийн нэр ч олон. Афганистаны Пүштү үндэстэн дунд Бурхан гэсэн нэртэй овог аймаг ч байдаг гэнэ. Бурханиеэ нэртэй тосгон хот, дүүрэг Түрэг улсад хэд хэд байна. Пакистанд Бурхан, Энэтхэгт Бурханпур нэртэй хот бий.

Төв Азийн нүүдэлчид бүх түүхийнхээ турш аль ч шашинд энэрэнгүй ханддаг онцлогтой байв. Харин Уйгараас өмнөх ямар ч нүүдэлчид өөрсдийн онгон тэнгэрийн шүтлэгээ орхиж байсангүй. Гэтэл өөрийн тэрс суртлаасаа болж персийн зароастр болон лал, загалмайн аль аль шашинд хавчигдан тэнүүчилж явсан мани шашин (manichaeism) өргөмжлөн дээдлэгчээ Төв Азийн элгэн дээрээс олсон билээ. 

Манихизм нүүдэлчдийн дунд нэвтэрснээр уугуул бөөгийн мөргөлийн ёс заншил, бэлэг тэмдэг, ёслолд ихээхэн өөрчлөлт оруулжээ. Гал тахих зароатустрын ёслол энэ үеэс нүүдэлчдийн бөөгийн ёсны салшгүй нэг хэсэг болсон юм. Тэдний оруулж ирсэн овоо тахих ёсыг хожим буддизм болон марксизм янз бүрээр хорьж байсан боловч XXI зуунд ч гэсэн амь бөхтэй үргэлжилсээр байна.

Манихизм үүссэн тэр газар нь шашны чөлөөт бүс байсан тул зароастризмаас гадна загалмайн, лалын, иудайн шашин, митраизм, гностицизм, тэр байтугай буддизм чөлөөтэй байж. Мани энэ болгоныг сайтар хольж өөрийн сургаалыг буй болгосон аж. Уг сурвалж нь Библи сударт тулгуурласан загалмайн шашны үндэстэй боловч аяндаа зороастризм болон лалын нөлөөгөөр өөрийн гэх номлолтой болон төлөвшиж, номлогчид нь Армян, Хойд Энэтхэг, Иранаар тэнүүчлэн сургаалаа сурталчилжээ. Манигийн онолоор энэ ертөнц нь гэгээ гэрэлтэй олон сайн Тэнгэр, мөнхөд харанхуй олон муу Тэнгэртэй тулалдан байлдаж байдаг аж. 

Манийн сургаал Согд болон Дорнод Түрэгстанд өргөн тархсан байсны нөлөөгөөр уйгарын Бэхю хаан 762 онд төрийн шашнаа болгон тунхагласан юм. 840 онд хиргис нар хүчирхэгжин уйгаруудыг нам цохиж өнөөгийн Монгол нутагт өөрийн төрийг байгуулав. Харин тэд мани шашныг уйгаруудаас шууд өвлөн авлаа.[i] Дараахан нь Төв Азийн бөө мөргөлт бүхий л үндэстнүүдэд нөлөөлөн уугуул бөөтэй нь холилдон эх сургаалаасаа ихээхэн өөрчлөгдөн шингэжээ. Төв Азийн бөө мөргөлийг тэнгэризм гэх ба энэ нь Сибирийн шаманизм-аас нэлээд ялгаатай. Магадгүй, тэнгэризм нь манихизмын нөлөөгөөр өнөөгийн хэлбэрээ олсон байж болох.

IV-VII зууны үед манихизм Согдын худалдаачдаар дамжин Хятадад нэвтэрсэн гэх. Хятадууд манихизмтай удтал тэмцэлдэж VIII зууны үед бүрэн хөөн зайлуулжээ. Харин нэлээд хожим Юань династийн үед монголчууд манийн шашныг Хятад даяар зөвшөөрөн дэмжсэн байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.