Б.Лхагважав: НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой

Бизнесийн удирдлагын доктор МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.


-Саяхан Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын буцаан олголтыг болиулах нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн нь иргэдийг ихээхэн шуугиулж байна. НӨАТ-ын системийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд ямар бодолтой байна?

-Энэ бол татвар төлөгчөө боол гэж харж байгаа хэрэг. Татвар гэдэг бол хүний өмчөөс өмчийг нь таслаж авдаг зүйл. Тиймээс татварын тоо хэмжээ, татварын систем бол шинжлэх ухааны үндэслэлтэй, дүрэм журмын дагуу хийх ёстой ажил. Анх 1997 онд М.Энхсайханы Засгийн газар гарч НӨАТ-ын хуулийг оруулж ирсэн юм. Тухайн үед худалдааны татвар 10 хувь байсан юм. Тэр худалдааны татварын хуулийн гарчгийг “Нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж солиод оруулсан. Ингээд 1997 оноос 2015 оныг дуустал манай улсад НӨАТ-ын хууль буруу зарчмаар хэрэгжсэн. Уг хуулийг шинэчилж 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл таван жил хэрэгжиж байна. Үүний үр дүнд сүүлийн таван жил манай бүх татвар орлогоо давж биелж байгаа. Энэ бол 2016 оноос хойш засаг барьсан Сангийн сайд ч юмуу, Засгийн газрын буян биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн ажлын үр дүн. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдлийн хувьд татварын онол, эрх зүйн огт мэдлэггүй нөхөр гэж харагдаж байна. Тэр бүү хэл тухайн үед МАН-ын одоо төрд гарсан этгээдүүд НӨАТ-ын хар машиныг шатаана гээд зогсож байсан. Наад Б.Жавхлан гэх нөхөр чинь Монголбанкинд байхдаа 2013 онд Б.Золжаргалтай нийлж мөнгө хэвлээд 2,7 их наяд төгрөгийн ханшийг 40 хувь унагасан. Тэр хэрэгтээ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Энэ систем ажиллаж эхлэхийн өмнө манай улсад нийт 1600 кассын машин байсан. Хоёр жилийн дараа гэхэд 200 мянган кассын машинтай болсон. Ерөнхийдөө энэ хуулийн гол зорилго бол тодорхой хувийг нь иргэдэд олгоод түүгээр дамжуулж хяналтын системийг бий болгох явдал. Энэ бол 328 тэрбум төгрөгөөр бүтсэн систем. Олон монгол залуусын хөдөлмөр.

-НӨАТ-ын буцаан олголт гэдэг бүх улсад хэрэгждэг систем. Гэтэл үүнийг зогсоох талаар ярихын оронд нэмэгдүүлэх нь зүйтэй биз дээ?

-Тийм ээ, тэр ч бүү хэл энэ цар тахлын үед иргэдэд олгож байгаа НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой. Зарим салбар руу 100 хувь ч буцааж болно. Татварын өөрчлөлтүүд цаанаа нийгмийн өөрчлөлтийг дагуулж явдаг. Эцсийн эцэст иргэн 20 хувийн буцаалт, төр татвараа давуулсан дүнгээр авч, харин аж ахуйн нэгж бүх бүртгэлээ секунд тутам хянаж чаддаг болсон. Жишээ нь, чи ресторан ажиллуулдаг байлаа гэхэд бүх бүтээгдэхүүн чинь бүртгэлтэй, ажилчид чиний бараанаас зарах, авах ямар ч боломжгүй. Энэ л НӨАТ-ын системийн давуу тал. Ингээд гурвуулаа ялагч, үүнийг л ойлгох хэрэгтэй. Татварын давсан орлого бүрийг иргэнд буцааж өгөх ёстой. НӨАТ анхнаасаа бүртгэлийн систем учир үүгээр дамжуулж мөнгөний урсгалыг зохицуулж болно. Хар зах дээрх мөнгө угаалтыг хумих, бусад татварын мөн чанарыг таниулдаг давуу талтай систем. Гэтэл Засгийн газар энэ давуу тал, үр дүнг мэдэхгүй байна, мэдлэггүй байна.

-НӨАТ-ын систем манай улсад хэрэгжиж эхлэх үед дараагийн төлөвлөгөө юу байв?

-Бид дараагийн ажлуудаа системтэй төлөвлөчихсөн байсан. Зах, банкуудтай хамтрах, дараагийн касс гэх мэт. Гэтэл энэ системийг огт ойлгоогүй нөхөд төр засагт гарч ирээд шууд устгахыг л оролдсон. Тэд энэ ажлыг мөнгө гэж харсан, датаг зарах гэж оролдсон. НӨАТ-аас цуглаж буй 90 их наяд төгрөг бол гайхамшигтай агуулгатай уурхай л гэсэн үг. Энийг одоо хүртэл ойлгохгүй байна. НӨАТ гэхээр зөвхөн иргэндээ буцааж өгч байна л гэж ойлгодог.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Санал болгох мэдээ

Д.Сүнжид: Хүний эрхийг хангах асуудал нь бүх нийтийн үйл хэрэг юм

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжидтэй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв …