МУИС-д оюутнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нээгдлээ

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн НУС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимтэй хамтран “Сэтгэл зүйн зөвлөгөө” шинэ үйлчилгээг эхлүүлж, суралцагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээг хүргэж эхэллээ.

2005 онд хийсэн сэтгэл судлаачдын судалгаагаар оюутнуудад тулгараад байгаа асуудлын 47.8% нь харилцааны асуудал бөгөөд харилцаа нь оюутнуудын нийгэмд дасан зохицох байдлыг хэмжин тодорхойлох нэг чухал үзүүлэлт болдог гэжээ. Хэрвээ харилцаагаа зөв зохицуулж чадахгүй бол сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой биш болох, танин мэдэхүй, суралцахуйн болон зан үйл, төрх байдлын асуудлуудыг дагуулдаг байна.

Сэтгэл судлаачид оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд дараах асуудлууд тулгардаг гэж дүгнэжээ. Үүнд:

  • Харилцааны асуудал
  • Интернэтээс хэт хамааралтай болох
  • Дүрийн өөрчлөлт ба дасан зохицлын асуудал
  • Суралцах ба амьдралын асуудал
  • Сэтгэлийн хөдөлгөөний асуудал

Иймээс сэтгэл зүйн эрүүл мэндийн стандарт болон оюутнуудад тулгардаг сэтгэл зүйн асуудлуудын дагуу МУИС-ийн суралцагчдад Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ явуулан, оюутны сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөг үзүүлэх зорилготойгоор уг үйлчилгээг эхлүүллээ.

Шинэ үйлчилгээтэй холбоотойгоор “МУИС-ийн суралцагчдад сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх журам”-ыг МУИС-ийн Захирлын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/91 тоот тушаалаар баталсан.

Журмын зорилго нь МУИС-д суралцагчийн төлөвшил, ажил амьдралын зөв дадал эзэмшихэд дэмжин туслах, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, оношилгоо, зөвлөгөө, сэтгэл заслын анхан шатны үйлчилгээ үзүүлэх, олон нийтэд чиглэсэн сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл түгээх, бие хүнийг хөгжүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулахад оюутны үйлчилгээ хариуцсан нэгж болон Боловсрол, сэтгэл судлал тэнхимийн багш /Сэтгэл зүйч багш, дадлагажигч/ нар хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй суралцагчид МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн 77307730 /1515/ дугаарын утсаар хүсэлтээ гарган цаг авч үйлчлүүлнэ.

                                  ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …