Батлан хамгаалах салбарынхан ирэх жилүүдэд 22 сая мод тарихаар зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагын дагуу Батлан хамгаалах салбарынхан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв.

Ингэхдээ Батлан хамгаалах яамнаас санаачлан нийслэлийн шинэ хурдны зам дагуу 8 га газарт мод тарих ажил хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын нийт газар нутгийн 74,9 хувь нь цөлжилттэй байна. Харин 2080 он гэхэд энэ тоо 90 орчим хувьд хүрч магадгүй байгаа нь мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг манай орны хувьд нэн тэргүүний шийдэх ёстой асуудал болжээ.

Дан ганц мод тариад энэ асуудал шийдэгдэхгүй, харин модыг арчилж ургуулах ёстой талаар салбарын сайд онцолсон.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбарынхан 2030 он гэхэд нийт 7 мянган га талбайд 22 сая мод, сөөг, бутлаг ургамал тарьж ургуулна гэсэн зорилго тавьжээ.

Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөнийг Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар дуу нэгтэйгээр дэмжинэ. Бид судалгаа хийсний үндсэн дээр арван мод үржүүлгийн газар байгуулна гэсэн зорилттой ажиллаж байна. Энэ эхний газар болж байна.

Мөн энэ газар цаашид сургалт судалгааны төв болж үйл ажиллагаа явуулна.

-Модыг тарьсны дараа ургуулах арчлах үйл явц дээр төлөвлөгөө гаргасан уу?

-Мэдээж бид тарихаас гадна ургуулах үйл явцыг анхаарах хэрэгтэй. Үүний хүрээнд бид зэвсэгт хүчний анги бүрт экологийн мэргэжилтний орон тоо бий болгож байна. Үүний хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ажиллаж байна. Мөн хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ ойчин мэргэжлээр богино болон урт хугацааны сургалтад хамруулах замаар манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн модоо арчилж тордож ажиллана. Хэрэв ажил хэрэг маань санаснаар бүтвэл бид таван жилийн дотор үр ашгаа өгч эхэлнэ гэж үзэж байна.

Энэ газарт 15 мянган мод тарих төлөвлөгөөтэй аж. Мөн баруун, зүүн, говийн бүсэд мод үржүүлгийн ажил явуулж, тухайн газарт ургах тохиромжтой гэсэн моднуудыг үржүүлж тарих зорилготой байна хэмээн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ярьсан юм. Голдуу хайлаас, жимсний моднууд, гацуур, нарс зэрэг мод тарьж байгаа аж. Ерөнхийдөө шилмүүст төрлийн моднуудыг манай эрдэмтдийн баг тооцоо судалгаа гаргасны үндсэн дээр тарихаар болсон хэмээн тэрээр мэдэгдэв. Мөн Батлан хамгаалахын сайд мод тарих үржүүлэх ажлыг байрлан хийж байгаа ажилчдадаа цалин, урамшуулалыг нэмэх, хувцас хангамжийг сайжруулах, өдрийн гурван хоолны зардлыг шийдэж өгч, таатай орчинд ажлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …