В.Үнэнбат: Гурилын үйлдвэрүүд тариаланчдаасаа улаанбуудай худалдаж авах бүрэн боломжтой

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас улаанбуудайн тариалалт, үнийн асуудлаар тодрууллаа. 

-Хүнсний улаанбуудайн тариалалт, хураалт ямар хэмжээнд байна вэ?
-Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. 

-Манайд буудайгаа хураах, хадгалах сав, элеватор, багтаамж хэр хэмжээнд байдаг вэ. Гурилын үйлдвэрүүдээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих сан буудай авч байна уу? 
-Гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих сан худалдан авалтаа хийж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан 180 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай, аж ахуйн нэгж, гурилын үйлдвэрүүд 340 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай, элеватор, агуулахтай. Хөдөө аж ахуйг дэмжих сан стандартын шаардлагад нийцсэн улаанбуудайг ямар нэг хэмжээнд баригдахгүй худалдан авч байна. 

-Энэ жил манай улс ОХУ-аас хэчнээн тонн улаанбуудай авсан бэ?
-Энэ жилийн тухайд Ковид, цар тахлын улмаас 3 сарын хүнсний аюулгүй нөөц бүрдүүлэлтийн хүрээнд 150 мянган тонн улаанбуудайг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ОХУ-аас оруулж ирсэн.

-Тариаланчид ес, аравдугаар сард дотоодын үйлдвэрүүддээ буудайгаа зардаг байсан ч энэ жил гурилын үйлдвэрүүд “Агуулах сав дүүрэн” гээд авахгүй байгааг тариаланчид хэлж байна. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаасаа буудай авах боломжгүй, агуулах сав нь дүүрэн байна уу?
-Манай дотоодын улаанбуудайн жилийн хэрэглээ 308 мянган тонн. Дээрх нөөцөөс тодорхой хэмжээтэй нь гурилын үйлдвэрүүдэд байгаа юм билээ. Гэхдээ тариаланчдаасаа буудайгаа аваад нөөцлөх бүрэн боломж байгаа. 

-Хөдөө  аж ахуйг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдийн буудай авч байгаа үнэ ханш хэд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 12 үйлдвэр бий. Алтантариа гэх мэт үйлдвэрүүд тонн буудайг 630-690 мянган төгрөгөөр авч байгаа бол Хөдөө аж ахуйг дэмжих сан 700-750 мянган төгрөгөөр авч байна. Харин Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнэ 800 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон Сайдын шийдвэр гараад мөрдөгдөж байна. Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзан үзсэн. 

Санал болгох мэдээ

П.Батболд: Орхон аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан бол зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна

Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдтой тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, …