О.Самданпүрэв: “Нэг талын тасалбар” кино нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна

Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл нэмэгдлээ. Нийгмийн дунд заавал ярих, дуугарах шаардлагатай сэдэв болоод буй салалт, хүсээгүй жирэмслэлт зэргийн талаар өгүүлэх драма жанрын “Нэг талын тасалбар” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэлжээ.

10 ангит цувралын анги бүр тусдаа нэртэй бөгөөд нэгдүгээр анги нь “Ура, би жирэмслээгүй байна” гэснээс ямар сэдвийн талаар өгүүлэх нь  харагдана. Оюутан болж үерхэл, хайр дурлалтай учирч үзэж байгаа айлын эрх охин Аядуу, амжилтад хүрч эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг айлын том хүү Найрамдал, амжилттай яваа ч амьдрал зохиож чадаагүй ганц бие бүсгүй Гийлэн нарын гол дүрүүдийн хооронд тохиолдох үйл явдлыг өгүүлэх уг киноны найруулагчаар Ц.Гансэрээ ажиллажээ.

Бид энэ удаагийн ярилцлагадаа киноны гол дүрүүдийг урьж товчхон яриа өрнүүлсэн юм.

А.Эгэлзаяа (Аядуу)

“Сургуулиа төгсөөд миний хамгийн анх гол дүр бүтээж байгаа кино. Олон ангит кинонд тэр тусмаа гол дүрд тоглон маш их зүйл сурч авлаа. Нэг кинонд тоглож дуусах нь нэг их сургуульд сураад төгссөнтэй адил гэж хүмүүс ярьдаг. Өмнө нь туслах дүрд тоглоход яг өөрийнхөө хэсэгт орчхоод явчихдаг байсан бол гол дүрд тоглоно гэдэг нь эхлэхээсээ дуусах хүртэл би ажиллана гэсэн үг.

Ээж аавдаа төдийлөн эрхлээд байдаггүй айлын том охин миний хувьд айлын ганц, эрх охин Аядуугийн дүрд тоглох нь их өөр санагдаж байсан. Хамгийн хэцүү байсан зүйл нь өөрөө ээж болж үзээгүй би эх хүний дүрд тоглож, бяцхан хүүхдийг бөөцийлөх нь байсан юмуу даа. Надад тулгарч байгаагүй туршлага учраас эхэндээ эвээ олохгүй байсан үе бий.

Миний Аядуугийн дүр охид өсвөр насандаа ямар алдаа гаргадаг вэ?, энэ алдааг яавал гаргахгүй байж болох вэ? гэсэн зөвлөгөө, мессэжийг охидод бага ч болов хүргэж чадах болов уу гэж найдаж байна.

Илүү залуучуудад нэгийг бодогдуулах драма учраас өсвөр насныхныгаа үзээрэй гэж уриалмаар байна.”

О.Самданпүрэв (Найрамдал)

“Нэг талын тасалбар кино нь миний гол дүрд нь тоглож байгаа анхны олон ангит кино учраас онцлог, сонирхолтой байлаа.

Миний дүрээр өнөөгийн нийгэмд бидний үеийн өөрийгөө хэн бэ гэдгийг таниагүй, өөрийнхөө хүссэн зүйлээ олоогүй, нийгэмд хөлөө олж чадаагүй нэгэн залууг төлөөлүүлж байгаа юм.

Кино маань маш олон санааг дотроо багтаасан байгаа. Энгийн нэгэн хоёр хүний хайр дурлал, драма кино гэхээс илүүтэй залуучуудад ухаарал өгөх, хөлөө олоход нь бага ч болов туслах, нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна”.

М.Тогтохжаргал (Гийлэн)

“Энэ киног маань амьдралд хөл тавьж байгаа, амьдралаа эхлүүлэх гэж байгаа залуучууд үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Амьдрал эрээнтэй бараантай. Залуучууд амьдралдаа нэг шат дээш алхах бүрд дагаад хариуцлага гэж зүйл ирдэг гэдгийг илүүтэй ойлгоосой гэж хүсэж байна. Миний хувьд амьдралд алдаатай, оноотой явж байгаа нэгэн эмэгтэйн дүрийг бүтээсэн. Алдаж үзээгүй хүн байхгүй. Гэхдээ алдаанаасаа цааш урагшилж, цааш тэмүүлж байгаа дүр юм.

Энэхүү киног үзвэл миний дүрийг илүү ойлгох байх. Бодит амьдралд олон байдаг, амьдралд ойр энэ дүр маань тэр бүсгүйчүүдэд бас нэг зүйл бодогдуулах болов уу. Кино багийн хувьд шижигнэсэн залуучууд дийлэнх ажиллалаа. Үнэхээр мундаг, чадварлаг хамт олонтой хамтран ажилласандаа их баяртай байгаа шүү”.

микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту
Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. aakakakakaa says

    1 hujaa kino hiileeyu

Comments are closed.