Солонгос улсаар аялцгаая /Бусан хот, Тэгү хот/

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газраас долоо хоног бүр БНСУ-ын аялал жуулчлалын бүс нутгуудын талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

/Бусан хот/


Солонгосын 2 дахь том хот болох Бусан нь далайн боомт хот гэдгээрээ олонд танигдсан бөгөөд хотыг зорин ирсэн хүн бүрийг амтат хоол, төрөл бүрийн сонирхолтой аяллууд хүлээж байдаг ажээ. Хотын бахархал болсон уламжлалт худалдааны зах, амттай хоолоороо алдартай гудамж болон далайн эргийн наран шарлагын газрууд нь газар газрын жуулчдын сэтгэлийг татдаг. Мөн Бусан хотын тэнгэр баганадсан, орчин үеийн хээнцэр барилгууд нь Солонгос улсад хамгийн алдартай газруудын нэг юм. Азийн томоохон кино наадмуудын нэг болох Бусаны Олон Улсын Кино Наадам нь энэ хотод зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ.

Хэүндэ наран шарлагын газар

Бусан хотын хамгийн алдартай энэ наран шарлагын газарт тансаг зэрэглэлийн зочид буудлын өндөр шилэн барилгууд тэнгэр баганадан сүндэрлэдэг. Зуны халуун өдрүүдэд жуулчдын хөлд дарагддаг энэ газар өнгө өнгийн нарны шүхэр элсэн эргийг чимдэг байна.

Бусаны Аквариум

Энэхүү аварга том аквариумд 250 гаруй төрөл зүйл бүхий 10,000 гаруй нэр төрлийн далайн амьтад, загас жараахай бий. Далайн 80 метрийн гүнд хийгдсэн шилэн хонгил нь аквариумын хамгийн гайхалтай бөгөөд сонирхолтой үзвэрийн нэг билээ. Харин хүүхдүүдийн хамгийн дуртай хэсэг бол далайн амьтдыг гараараа илж, хүрч болдог усан сан юм.

101 дүгээр Тэнгисийн булан

Эрч хүчтэй, доргио хотын тэнгисийн буланд нэгэн мартагдашгүй гайхалтай үдшийг өнгөрөөхийг санал болгож байна. Энд та тансаг загвартай өндөр барилгын дээвэрт байрлах зоогийн газарт хооллож, скай лоунж, уушийн газраар нь үүр цайтал үйлчлүүлж болно. Мөн урьдчилж захиалга өгөх юм бол дарвуулт завиар аялалд гарч болдог байна.

Сүёнгман дарвуулт завины зогсоол

1986 оны Азийн наадам, 1988 оны Сөүлийн Зуны Олимпын Их Наадмын тэмцээнүүд энд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Энд та төрөл бүрийн дарвуулт завины тэмцээн, уралдаан, арга хэмжээнүүд зохиогдохыг харж болно. Мөн дарвуулт завиар далайд гарах зэрэг жуулчдад зориулсан аяллын хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.

Шинсэгэ Сентум Сити

Энэхүү худалдааны комплекс нь 2009 онд “Хамгийн том худалдааны төв”-ийн ангилалд Гиннесийн дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн байна. Мөн дэлгүүр хоршоо, мөсөн гулгуурын талбай, гоо сайхан, хүүхдийн тоглоомын төв, амралт, алжаал тайлах газрууд болон үйлчилгээний төвүүд нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд нэн тохиромжтой.

Бусаны кино урлагийн музей

Энэ бол Солонгос дахь хамгийн анхны кино урлагт зориулж байгуулсан музей юм. Жуулчид энд кино урлагийн нарийн чимхлүүр ажлууд болох дуу оруулах, зураг авалтын эффект хэрхэн хийдгийг үзэж сонирхох ба кино үйлдвэрлэлтэй холбоотой тусгай тоног төхөөрөмжөөс эхлээд олон мэдлэгийг өвөртлөн буцах нь дамжиггүй.

Сомёны 1-р гудамж

Бусан хотын их хөлийн газар болсон 1-р гудамжинд цог жавхлантай залуучууд кофе шоп, кино театр, ресторан, уушийн газрууд олон бий. Сомён метроны газар доорх захаар явахад гоо сайхны бараа, бэлэн хувцасны төрөл бүрийн дэлгүүртэй таарах болно.

Кафены гудамж Жонпу

Дээр үед боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны гудамж байсан энэ газар одоо шинэ зохион байгуулалтад орж, тав тухтай, этгээд, дэгжин шийдэл бүхий дотоод засалтай цайны газар, кофешоп, мухлагууд болжээ. Энэ гудамжийг Нью Йорк Таймс сониноос 2017 оны хамгийн очиж үзүүштэй 52 газрын нэгээр онцолж байсан удаатай билээ.

Камчон уламжлалт соёлын тосгон

1950-аад оны үед Солонгосын дайны дүрвэгсдийн байгуулсан энэ сууринд үзэх харах зүйл олон бий. Тосгоны байшингууд нь өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй бөгөөд залуу зураачдын зоримог шийдэлтэй ханын зураг, өнгө өнгөөр алаглах дээврүүд, гүн хөх далайг дүрсэлсэн зураг зэрэг нь нүд баясан сэтгэл сэргээм ажээ. Энэ тосгонд ирвэл та амттай кафегаар нь зочилж, зотон даавуун цүнхний урлан, өөрийн гараар хийсэн аягатай болоод буцаарай.

/Тэгү хот & Хойд Кёнсан муж/

Хойд Кёнсан мужид Солонгосын уламжлалт болон Күнзийн соёлын дурсгалууд үлэмж олноороо хадгалагдан өнөөдрийг хүрсэн байдаг. Тус мужид байрлах Тэгү хот нь Солонгосын томоохон хотуудын нэг бөгөөд 4 талаараа уулаар хүрээлэгдсэн уламжлалт болон орчин үеийн соёлын хоорондын тэнцвэрт байдлын үлгэр жишээ болсон газар юм. Мөн Хойд Кёнсан мужид байдаг Кёнжү хот нь мянган жилийн түүхтэй эртний хот гэдгээрээ алдартай бөгөөд Чусон гүрний (1392-1910 он) үеийн уран зохиол, Күнзийн сургаалын өлгий нутаг гэдгээрээ алдартай.

И Ворлд хүүхдийн парк

Тэгү хотын төвд орших энэ цэнгэлдэх хүрээлэнд олон төрлийн тоглоом, ресторан, үзвэр үйлчилгээ бий. Мөн 83 давхар цамхагт нь байрлах мөсөн гулгуурын талбайд хүний хөл тасардаггүй ажээ. Хэрэв та нар жаргах үеийн Тэгү хотын үзэмжийг тольдон харахыг хүсвэл тус цамхагийн 77 давхарт гараарай.

Дунггүн ордон ба Волжи цөөрөм

Дунггүн ордон нь Нэгдсэн Шилла гүрний хааны ордон байжээ. Ордныг хүрээлэн долгилох Волжи нуур нь хүний гарааг бүтээгдсэн нуур бөгөөд 674 онд Мүнмү хааны зарлигаар бий болсон түүхтэй. Волжи нуурын эргийг тойруулан чимсэн гэрэлтүүлэг нь шөнийн цагаар илүү үзэсгэлэнтэй харагддаг.

Бүлгүгса хийд

Тэртээ 8-р зууны үед байгуулагдсан буддын шашны энэ хийд Шилла гүрний үеийн (МЭӨ 57-оос МЭ 935 он) Буддын үзэл санаа, урлаг соёлын хэв маягийг өөртөө шингээжээ. Жил бүр олон сая жуулчид Бүлгүгса хийдийг зорин ирж, сүм хийдийн бурхан тахилд хүндэтгэл үзүүлдэг байна. Мөн алдарт Согтап суварга, 10 воны зоосон дээр байдаг Дабу суваргыг үзэхээр хөл тасардаггүй энэ газар лам хуврагууд номлон суусан хэвээр буй. Энэхүү хийд нь Солонгосын буддын шашны төвд тооцогддог бөгөөд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй нандин соёлын өв юм.

Хумигуд

Хумигуд бол Солонгосын хойгийн зүүн эрэг дахь Пуханг хотын наран мандахыг харах цэг юм. Энэ газар жил бүр оны эхний өдрийн наран мандахыг харах гэсэн олон мянган жуулчид ирдэг бөгөөд тэдэнд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг. Энд аварга том хүрэл гарын дүрстэй хөшөө байдаг нь эв нэгдэл, найрамдлыг билэгдэх ажээ. Хумигудын эргэн тойронд гэрэлт цамхаг болон гэрэлт цамхагийн музей, далайн усан саун зэрэг олон сонирхолтой газрууд бий.

Чомсон цамхаг

Азийн хамгийн эртний одон орон судлалын зориулалттай цамхагт тооцогддог Чомсонг цамхаг нь Сонгдог хатны үед буюу 632-647 оны хооронд баригдсан гэдэг. Чулуун байгууламжийн хэмжээ, хэв маяг нь Шиллаг гүрний үеийн архитектурын болон шинжлэх ухааны өндөр хөгжлийн бодит бүтээл юм.

Андун Хахой тосгон

Пүнгсаны Рю овгийнхний төрөлх нутаг бөгөөд энэ овгийн 150 гаруй айл өрх тосгондоо амьдран суурьшсан хэвээр байгаа. Олон тооны уламжлалт сууц, Күнзийн сургууль танхимууд тосгонд байх бөгөөд Күнзийн гүн ухааныг одоог хүртэл залуу хойч үедээ өвлүүлэн сургадаг. Нагдунг мөрөн тосгоны дундуур хөндлөн урсах бөгөөд энэ нь байгалийн үзэсгэлэнг тодотгож өгдөг.

Ворёнгюу гүүр

387 м орчим урттай энэхүү модон гүүр нь Солонгосын хамгийн урт явган хүний гүүр юм. Нагдунг мөрнийг бүслэн хүрээлсэн уулс, тэдгээрийг хашин сүндэрлэсэн Андун далан хоорондоо төгс хослон ер бусын үзэсгэлэнтэй уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд шөнийн цагаар илүү сүр жавхлантайг харагддаг.


манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …