Х.Нямбаатар: Ч. Лодойсамбуу өөрөө хүсвэл Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход бэлэн байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар хийлээ.

Тэрбээр “Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, “Элит” төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цагдаа нарыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан .

Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Монголын боксын холбооны удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ.

Э.Цэндбаатарын хувьд өмнө нь “Найрамдал” зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Халдвар хамгаалалтын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сахилга баттай байх хэрэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна.

Тухайн хэрэг гардаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зодог тайлсан хүмүүс байсан. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна. Спорт бол сахилга бат, тэндээс л эхэлнэ.

Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хэлж байгаачлан Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг өөрөө тайлбарлаад, өөрийнхөөрөө илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлагагүй. Хэн нэг сэтгүүлч өөрийнхөө комментоор хэнийг тэмцээнд явуулах эсэхийг шийдэхгүй.Ч.Лодойсамбууд хандаж хэлэхэд, тэгж их боксын спортод санаа тавьж, сэтгэл нь зовоод байвал Боксын холбооны Ерөнхийлөгч болох хүсэлтээ гаргах ёстой. Ч.Лодойсамбуу өөрөө хүсвэл Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход би бэлэн”гэлээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.