“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо.

Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1077, 1078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.

Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин“Энэ жил Монголын тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байна. Ардын хувьсгалын энэхүү түүхэн ой нь олон салбарын хөгжил дэвшлийн эхлэл байсан бөгөөд тухайн үеэс эхлэн Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж олон улс оронд ашигласан нь Монгол Улс бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ бататган харуулахад чухал алхам болж байжээ.

Түүнээс хойш бид Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо тэмдэглэж, тулгар төр, ардын хувьсгалын түүхээ марк болгон дахин дэлхий дахинаа тунхаглаж байна.

Түүхэн ойд зориулсан “Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк нь монголын түүхийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээж буй үнэт зүйл бөгөөд төрт ёс, тусгаар тогтнол, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламлалыг хослуулсан бүтээл болж чаджээ.

Энэхүү маркийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол шуудан” компани, эрдэмтэн судлаачид, уран бүтээлч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

“Монголын тулгар төр-2230 жил” маркийн тайлбар

Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм

Маркийн нүүрний үнэ: 1000₮, 1000₮, 1000₮

Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ш

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг

“Монголын тулгар төр – 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.

Хэлхээний эхний марканд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан Шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэл, эдгээр олдворуудын арын дэвсгэр хэсэгт Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудыг суурь болгон үзүүлсэн.

Чимэглэл зурагт Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Ямаан усны хавцлын хадны зургийг /Хүн улсын үеийн НТӨ-III зууны үед хамаарах/ гурвалсан болон хоёр моринд хөтөлсөн сүйх тэрэгтэй Хүн улсын хаан Шаньюй болон хатад, сүлд барьж нум саадаг агссан баатар, араас нь дагаж буй хамгаалагч, Хүн улсын хаад, язгууртны нутаглаж байсан одоогийн Хангайн бүс нутгийн Эрдэнэ хайрхан уулыг уран зургийн аргаар сэргээн зурж, хэлхээний хүрээг Хүн улсын үеийн түүхэнд холбогдох археологийн олдворуудын жижиг хэсгүүдээр нэмж баяжуулан зохиомжлон дүрсэлсэн болно.

Маркийг бүтээхэд Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар

Блок маркийн хэмжээ: 45х33 мм

Маркийн нүүрний үнэ: 2000₮

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажилласан

Монгол шуудангийн түүхэнд анх 1943 онд “Ардын хувьсгалын үе шатууд” сэдэвт 8 нэрийн марк гаргаж, Ардын хувьсгалын 25, 30, 35, 37, 40, 45, 50, 60, 65, 70, 90, 95 жилийн ойд зориулсан нэг нэрийн, сери, блок, хэлхээ, засвартай шуудангийн маркууд олныг гаргаж байсан арвин түүхтэй.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан.

Маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно
Холбоотой мэдээлэл

Comments are closed.