Шадар сайд С.Амарсайхан вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг өглөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өнөөдөр /2021.07.21/Шадар сайд С.Амарсайхан ажиллалаа.

Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг 2021 оны 06 сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд С.Амарсайхан вирусийн эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө.

Тэрээр хэлэхдээ “Вирусийн эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн эрх тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх нэг хүчин зүйл болж байна.

ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 1 бүрийг нь 315.000 төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчидтэй нь харьцаж 1 бүрийг нь 50.000 төгрөгөөр оруулж ирдэг болохоор ярилцаж байгаа.

Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна.

Эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнээс эмийн сангууд 30-40 хувь үнэ нэмж зах зээлд борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй” хэмээсэн юм.

Мөн түүнчлэн эмийн бүртгэлийг олон улсын нэршлээр бүртгэдэг байсан бол одоо оруулж ирдэг компанийн нэрээр бүртгэж байгаа нь эмийн чанар стандартад нөлөөлж байгаа зэрэг зөрчил дутагдалд ажил хариуцсан агeнтлагын зүгээс ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан “ Eрөнхий гэрээгээр тeндэр зарлаж, вирусийн эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусийн эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд , хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхгийг авчирч байгаа” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд ирэх сарын 1-ны өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийн тасалдуулахгүй хангаж, эмчлүүлэгчдийн эм тариаг гаднаас худалдан авах байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.