“Амьдрал үзэсгэлэнтэй” номын зохиогч, “Гранд Серкл Корпораци”-ийн дэд ерөнхийлөгч О.Мөнхзаяа: Хэтэрхий бохир санагддаг улс төрд өөрчлөх зүйл их

Сүүлийн үед бэстселлер болж, уншигчдын анхаарлын төвд байгаа ном бол яах аргагүй “Амьдрал үзэсгэлэнтэй”.

Энэ номын зохиогч нь О.Мөнхзаяа хэмээх бүсгүй. АНУ-ын “Гранд Серкл Корпораци”-ийн дэд ерөнхийлөгчийн алба хашдаг түүнтэй уг номын болон бас бус зүйлийн талаар ярилцсан юм.

-Ярилцлагаа “Амьдрал үзэсгэлэнтэй” номын тань талаар эхэлье. Энэ номыг яагаад бичих болов? Бичих санаа хэзээ төрөв?

 -Энэ номоо хайртай ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж бичсэн юм. Уншсан хүн болгон, хэнбугай ч санаа авахаар зүйл байгаасай хэмээн хүсэж, хувь хүний хөгжлийн ухагдахууныг багтаасан сургамжит өгүүллэгүүд маягаар бичсэн. Номонд маань нийт 24 түүх багтсан юм. Ном бичих санаа анх 2009 онд бодитой болж, миний мөрөөдлийн жагсаалтанд орсон. Ном, мод, хүүхэд гурав тухайн хүнээс урт насалдаг тул энэ насанд хийж бүтээх ёстой зүйл гэж хэлдэг.

-Хэр удаж байж гараасаа гаргасан бэ?

 -Номонд орсон зарим түүхийг 5-6 жилийн өмнө бичсэн. Гэхдээ яг ном болгохоор зорьж, суугаад бичиж дуусгасан нь бол зургаан сарын хугацаа. Өнгөрсөн оны 11-р сард Монголд анх хөл хорио тогтооход бичиж эхэлсэн юм.

-Зургадугаар сард Чингисийн талбайд зохион байгуулагдсан “Номын баяр”-ын үеэр нэлээн эрэлт хэрэгцээтэй байсан шүү...

-Номын хурим маань “Интерном”-ын их дэлгүүрт сайхан болж өнгөрлөө. Хайрлаж, хүндэлж явдаг эрхэм хүмүүс маань хүрэлцэн ирж, үнэхээр сайхан арга хэмжээ болсон. Санаанд оромгүй явдал гэдэг шиг номыг маань уншигчид их сайн хүлээж авсан.

-Ном бичнэ гэдэг хэр хэцүү байна вэ? Хэрэгтэй материалуудаа хаанаас цуглуулав?

-Ном бичнэ гэдэг амаргүй үйл явц юм билээ. Зарим өдөр ажил ихтэй, зарим өдөр толгойд юу орж ирэхгүй гэх зэргээр өдөр болгон бичнэ гэж байхгүй. Харин бичээд гаргачихсан хойно зорилгодоо хүрсэн гэдэг нь их сайхан мэдрэмж байсан. Энэ ном маань миний хувийн амьдралаас сэдэвлэж бичигдсэн болохоор судалгаа хийх шаардлага гараагүй. Гэхдээ үйл явдлын дэс дарааллыг мартдаг юм билээ.

 -Та дараагийнхаа номыг төлөвлөсөн үү?

-Хоёр ч номын санаа бий. Анх би уг нь ажиллаж, аялж явсан орнуудынхаа жирийн эмэгтэйчүүдийнхээ талаар, тэдний амьдралыг өөр өнцгөөс харуулсан ном бичихээр төлөвлөж байсан юм. Их судалгаа хэрэгтэй болсон, харьд явж очих хэрэгцээ гарч байгаа. Одоохондоо түр хойш нь тавьчихсан л даа. Мөн залуусын боловсролд хэрэг болохуйц нэг номын санаа тээгээд яваа, удахгүй бичиж эхэлнэ дээ. Бас “Амьдрал үзэсгэлэнтэй” номоо англи хэлээр гаргах төлөвлөгөө бий.

-Өмнө нь ном орчуулж гаргасан байх аа?

 -Англи хэлнээс хоёр ном орчуулсан, бас л хөл хорионы бүтээл. Америкийн шилдэг борлуулалттай номын зохиолч Коллин Хүүвэрийн “Эхлэхийн тулд төгсдөг” хэмээх орчуулгын ном маань удахгүй уншигчдын гарт очино. Өөр нэг ном нь “Мастер паблишн”-ийн захиалгаар орчуулсан аавуудын тухай ном байгаа юм.

-Сүүлийн үед зохиолч, орчуулагч нар олон ном хэвлүүлэх болсон. Энэ талаарх таны бодол…

-Монголчууд маань эрт дээр үеэс номч эрдэмтэй хүмүүс байсан. Одоо эргээд ном их уншдаг, оюуны боловсролдоо их анхаардаг болсон нь сайхан санагдаж байгаа. Нөгөө талаар ном бүтээгчдийн тоо ч олон болж байна. Гэхдээ л номын зах зээл дээр байгаа нийт номын 25 хувь хүрэхгүй нь монгол зохиолчдын ном байдаг.

-Хамгийн сүүлд та хэн гэдэг зохиолчийн ямар ном уншив?

-Сүүлийн үед “Нэпко” паблишнаас эрхлэн гаргасан “Агнистын гэгээ” цуврал номыг уншиж байна. Буддын шашны их багш нарын сургаал номлолуудыг энгийн үгээр тайлбарласан, уран яруу сайхан бүтээлүүд юм. Ертөнцийг үзэх үзлийг олон талаас нь тайлбарласан, амтанд нь орохгүй байхын аргагүй сайхан бүтээлүүд байна. Орчуулгын бүтээлээс гэвэл Америкийн зохиолч Кэл Ньюпортын “Гүн үйл” номыг уншсан. Дижитал стресс ихтэй өнөө үед бүтээлч байдлыг нэмэгдүүлэх олон сайхан зөвлөгөө тусгасан сайн ном байна билээ. Орчуулагч Саруул гэдэг хүн сайн ч орчуулсан байна.

-Монголын зохиолч, яруу найрагчдаас дотно үерхдэг хүн бий юу?

-Зохиол бүтээлийг нь унших дуртай зохиолчид бий, бий. Гэхдээ дотно танил бол байхгүйтэй адилхан даа.

-Таны унших дуртай зохиолч бас ном

-Ер нь бодит түүхээс сэдэвлэж бичсэн ном унших дуртай. Яг тэр зохиолчийн ном гэхээсээ илүү өгөөжийг нь харж сонгодог. Хувь хүний хөгжлийн ном түлхүү уншдаг.

-Аюурзана, Өлзийтөгс хоёрын зохиол бүтээлийг уншаагүй бол хүн биш гэж боддог болсон бололтой. Ер нь тэднийг хүн бүр унших албагүй шүү дээ…

-Аюурзана зохиолчийн хэд хэдэн номыг уншиж байсан, их таалагдсан. Ер бусын сэтгэлгээтэй, сайн зохиолч, мөн их хөдөлмөрч хүн гэж боддог. Өлзийтөгсийн зохиолыг одоогоор уншиж амжаагүй байна.

-Та бага насныхаа талаар яриач. Багадаа ямар охин байв?

 -Миний хүүхэд нас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд, мөн Баян-Овоо суманд байдаг эмээ, өвөөгийнд өнгөрсөн. Багаасаа эмээ, өвөөдөө тусалж, амралтаараа таван хошуу мал малладаг байсан тул ажилд сайн, махруу гэж л их магтуулдаг байсан. Сурлага сайтай хүүхдүүдийн тоонд ордог, хааяа сахилгагүйтэж хүүхэд зодчих гээд байдаг тийм л хүүхэд байсан даа. Аймгийн номын сан манай гэрээс хэдхэн алхмын зайд байсан болохоор тэндхийн бараг бүх номыг уншиж дуусгасан. Тэр үед манайд зурагт, радио байгаагүй.

-Жорж Вашингтоны их сургуулийн хуулийн сургуулийн магистрант юм билээ. Ямар сэдвээр хэзээ хамгаалах вэ?

-Ковидоос болоод сургуульдаа явж чадахгүй хойшлуулсаар байна. Одоогоор хүний эрхээс гадна оюуны өмчийн эрх зүйг түлхүү сонирхож байна. Манай улсад энэ өвчин дөнгөж хөгжиж байна.

-Төлбөр нь их л байх даа…

-Хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг юм билээ. Олон түмний буянаар гэдэг шиг сургуулиасаа тэтгэлэг авсан, дэмжиж тусалж байгаа байгууллага, хувь хүмүүс ч бий.

-Та “Шихихутаг”Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг төгссөн юм билээ. Хуульч мэргэжилтэй хүн яагаад бизнес рүү орчихсон нь сонин байна…

-“Мерси Кор” олон улсын байгууллагад буюу хөгжлийн салбарт ажиллаж байхдаа эрх зүйн мэдлэг шаардсан олон төсөл дээр ажиллаж байсан. Тухайлбалзахиргааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон нутгийн төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хийж байсан.байсан Ажлын цар хүрээ эрх зүйч байхыг шаардаж байсан. Бас багын мөрөөдөл хуульч болох байсан. Тэгээд л “Шихихутаг” их сургуулийг сонгон суралцаж эрх зүйч болсон. Хөгжлийн болон хүмүүнлэгийн салбарт 13 жил ажиллаад, салбараа сольж, бизнесийн ертөнцөд орсон. Олон улсын бизнесийн байгууллагад ажиллахад эрх зүйн мэдлэг урьдынхаас бүр илүү хэрэгтэй болдог юм байна. Их ажлын хажуугаар дахин нэг мэргэжил эзэмшсэндээ олзуурхаж явдаг.

-“Гранд Серкл Корпораци”-ийн талаар яриач…

-” Гранд Серкл” нь Америкийн Бостон хотод төвтэй дэлхийн 85 оронд үйл ажиллагаа явуулдаг, аялал жуулчлалын салбарт сүүлийн 20 гаруй жилийн тэргүүлж байгаа бизнесийн байгууллага юм. Ковидын улмаас аялал жуулчлал зогсож, жил хагас хүлээлтийн байдалд бэлтгэл хангасны үр дүнд сая долдугаар сарын 1-нд эхний аялагчдаа Исланд улс руу гаргаж өгсөн. Энэ жилдээ аяллууд маань Европын 16 оронд л явах нь. Бусад тив нээхэд хүндрэлтэй байна. Энэ жил 76 мянган хүн манайхаар аялахаар захиалгаа өгөөд байна.

-Яаж яваад энэ компанийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч болчхов оо?

-Тус корпораци 2005-2006 оноос Монгол руу аялагчдаа явуулж эхэлсэн. Тэр үед би хааяа жуулчны хөтчөөр ажилладаг байсан юм. “Амьдрал үзэсгэлэнтэй” номонд маань яаж яваад эднийд орсон талаар “Үнэт зүйлээ хамгаалсны шагнал” гэдэг түүх орсон. Анх 2013 онд Монгол дахь төлөөлөгчөөр нь ажилд орсон. Тэгээд хойд Азийн бүс, Азийн бүс гэж явсаар одоогоор Ази, Номхон далай, Африкын бүсийн орнуудтай ажиллаж байна. Америк компани шударга үнэлгээтэй, ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг дэмждэг, итгэдэг. Тэр нь их таалагддаг. Энэ ажлынхаа буянаар дэлхийн олон оронд очиж, ажиллаж үзлээ. Хаа ч явсан “Монгол хүнтэй анх удаа тааралдаж байна” гэсэн хүн олон таардаг. “Дэлхийн хүмүүстэй монгол хүнийг уулзуулах ажил хийдэг” гэж би хааяа хошигнох дуртай.

-Та гэр бүлээ танилцуулаач…

-Нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Хөвгүүд маань 13, 19 настай.

-Нууц биш бол нөхөртэйгээ хэзээ яаж танилцав?

 -2001 онд оюутны байранд амьдардаг нэг найз дээрээ зочилж очоод, тэнд тааралдаж танилцсан. Хааяа мессеж бичиж, кино үздэг болсоор дотноссон байдаг юм.

-Амжилттай яваа бизнесменүүдийг намууд зүгээр байлгадаггүй. Та ямар нэг намын гишүүн үү?

-Намын харьяалал байхгүй ээ. Үнэт зүйлийн хувьд Ардчилсан намыг дэмждэг байсан. Даанч Ардчилсан нам маань эвлэлдэн нэгдэж, манлайлж чадахгүй болжээ.

 -Хэзээ нэгэн цагт улс төрд орох уу?

-Одоогоор бодсон зүйл үгүй. Улс төр хэт бохир санагддаг ч өөрчлөх ёстой зүйл мөн ч их байна даа л гэж бодож байна.

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.