Самбо, жүдо, бодибилдингийн ОУХМ, “Оддын багш” М.Сарангуа: “Би эмэгтэй жүдо, самбо, бодибилдингийн спортын анхдагч болно гэж төлөвлөөгүй”

40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж “Сарангоо” фитнессээ нээсэн Самбо, жүдо, бодибилдингийн ОУХМ М.Сарангуатай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулж байна.

Монголын анхны эмэгтэй самбоч, жүдочдын нэг тэрбээр бодибилдингийн спорттой хувь заяагаа холбосоор даруй 20 жил болж байгаа аж. Сүүлийн үед энэ бүсгүй тамирчид, шавь нараа бэлдэхийн сацуу урлаг, спортын одуудад багшилж буй юм. Тиймээс ч түүнийг “Оддын багш” хэмээн нэрлэх болсон билээ.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирус Монголд ч, дэлхий даяар ч бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж байна. Нууц биш бол танд хэрхэн нөлөөлж байна вэ?

 -Олон хүн цугардаг учраас бүх тэмцээн уралдаан цуцлагдаж, спортын заалууд хорио цээрийн дэгэмд орлоо. Би бусдын адил хүүхдүүдээ харж асраад, хорио цээрийн дэглэмээ сайн сахиад л сууж байна даа. Бизнесийн хувьд коронавирус маш ихээр нөлөөлж байгаа нь мэдээж. Дэлхий нийтээр энэ өвчний тархалтыг хумих арга бол вакцинжуулалт гэж үзэж байна.

-Манайхан сүүлийн үед спортоор нэлээд хичээллэх болсон. Фитнесс клуб ажиллуулахад хэр ажиллагаа шаарддагддаг вэ? Та фитнесс клубээ хэзээнээс яагаад ажиллуулах болов?

-Гэр бүлийнхээ хамт 2003 оноос эхлээд л “Өнөр фитнесс”, “ANN”, “Sarangoo fitness” нэртэйгээр заал ажиллуулж байлаа. Тэр үеэс эхлээд л хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролд систем, дэс дараатай сургалт олгож эхэлсэн дээ. Фитнесс клуб ажиллуулах болсны шалтгаан гэвэл: Тухайн үед шинэлэг байсан бодибилдингийн спортын түүхэнд албан ёсны IFBB холбооны анхны амжилт үзүүлсэн тамирчин хүний хувьд мөн багш дасгалжуулагч мэргэжилтэй хүний хувьд мэдэж сурсан эрдмээ амьдарч буй нийгмийнхээ эрүүл мэндийг дээшлүүлж сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулан, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтыг түгээж байх үүрэгтэй гэж бодон ажиллаж хөдөлмөрлөдөг. Мөн ирээдүйн залгамж халаа болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв амьдралын хэв маягт суралцахыг хүсэн зорин ирж хичээллэдэг шавь нартаа зааж сургах үүрэгтэй гэж боддог. Бас би энэ ажилдаа их дурласан хүн л дээ. Спортынхны шаргуу тууштай зан чанар байдаг юм. Дурласан ажлаа оргилд нь тултал хийдэг, судалдаг тийм зан… Цаг хугацаа хурдан юм аа. Би биеийн тамир спорт, эрүүл мэндийн салбарт зүтгэсээр 33 жил болж шүү.

Ер нь биеийн тамираар эрүүлжиж чийрэгжихэд зохистой дасгал хөдөлгөөн, хоол, хооллолт ямар их хэрэгтэйг мэргэжлийн талаас нь судалж, үр дүнг биеэрээ мэдэрсэн хүний хувьд бусдад ойлгуулах юм сан гэж их хичээдэг. Судалж сурсан зүйлээ хүмүүст хүргэх маш сайхан байдаг. Дасгалжуулалт гэдэг бол тусдаа шинжлэх ухаан юм. Хичээллэгчдэд биеийн тамир спортоор үр дүнтэй хичээллэх мэдлэг дадал, үндэс суурийг нь зөв тавьж өгөх нь маш чухал ач холбогдолтой байдаг. Хэрвээ дасгалаас хэн нэгэн халширдаг, зугтаадаг, “Би чадахгүй юм байна” гэсэн бодолтой болсон бол буруу дасгалжуулалтаас л болсон байдаг. Харин дасгал хөдөлгөөний тухай анхны ойлголтыг зөв ойлгуулж, үр дүнг мэдрүүлж өгсөн бол тухайн хичээллэгч насан туршдаа дасгал хөдөлгөөн хийх амьдралын идэвхтэй, ухамсартай дадал хэвшилтэй болж төлөвшдөг. Фитнессийн заал нь шаардлага хангахуйц тоног төхөөрөмж ба хангалттай зай талбай шаардагддаг талбар юм. Талбайн хэмжээгээр түрээсийн төлбөр ихэсч, тоног төхөөрөмж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж олох гэж нэлээд урт хугацаа, тасралтгүй үйл ажиллагаа шаардлагатай байдаг. Ялангуяа манайх шиг дөрвөн улиралтай орны хувьд энэ төрлийн ажил бизнес тийм ч өгөөжтэй байдаггүй. Тамирчид болон биеийн тамир бол хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай юм гэдгийг ойлгодог, эрүүл мэндийн боловсролтой цөөн хүн тогтмол хичээллэдэг бол нуруу, өвдөг, түнх, үе нь өвдсөн дотор эрхтэн, зүрх, элэг өөхөлсөн таргалалт өвчтэй болсон эрүүл мэндийн хувьд зайлшгүй шаардлагаар түр хичээллээд завсарладаг хүмүүс байдаг юм. Бусад нь шинэ жилдээ бэлдэж өмнө нь нэг сар, цагаан сарын дараа жин ихэсч, даралт хууч нь хөдөлж хичээллэгсэд, мөн зундаа бэлдэж, 5-6-р сард хүүхдүүдийн хичээл амрах хүртэл хичээллэгсэд гээд…Фитнесс клубүүд жилийн 5-6 сард л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс заал ажиллуулах нь ашигтай бизнес юм гэхээс илүү мэргэжлийн дасгалжуулагч нарын хүний эрүүл мэндэд ээлтэйгээр зааж, сургаж, ажиллах талбар байвал оновчтой. Гэтэл мэргэжлийн бус зарим хүн ашигтай бизнес гэж харж хошуудаг болсон нь нууц биш. Хүмүүсийн эрүүл мэндтэй шууд холбоотой мэргэжил заах аргачлал шаардсан ажил учраас янз бүрийн хүмүүс бизнес болгож хараад, тоглолт хийгээд байгаа нь харамсалтай санагддаг. Жишээ нь, спининг клубүүд борооны дараах мөөг шиг бужигнаад өнгөрлөө. Олон ч хүний зүрх судасны өвчин хүндэрч, нуруу, өвдөг, түнхний үеийн эдгэшгүй үрэвсэлт өвчтэй болоод хоцорлоо.

-Мэргэжлийн багш нарын заал хариуцах, ажиллуулах үйл ажиллагааг улсаас бодлогоор дэмжихгүй бол энэ байдал дээрдэхгүй гэж боддог. Миний мэдэхийн хэдхэн фитнесс клуб байсан санагдана. “Тайхар”, “Хар ирвэс”, “Мустанг” гээд л…

-Тийм ээ. Анх цөөн хэдхэн фитнесс клуб үйл ажиллагаа явуулж байсан. Энэ спортыг хөгжих суурийг тавьсан ёстой л анхдагч клубүүд юм даа. Бодибилдингийн спортыг ойлгож хөгжих тусам олон олон фитнесс клуб үүд хаалгаа нээсээр байна.

-Таны нэр аль хэдийнэ “Сарангуа багш” хэмээн олонд танигдан брэнд болсон. Бусдаас ялгарах онцлог юунд байна вэ?

-2010 оноос “Сарангоо” фитнессийг ажиллуулж байна. Зайсангийн “Оргил” худалдааны төв нээгдэхэд заалыг нь хар байхад 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулан, түрээсэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн хичээллэгчдэд тохирсон төлөвлөгөөний дагуу дасгал сургуулилт, зөв зохистой хооллолтын сургалт явуулж, дасгалыг зөв гүйцэтгэх техник заан эзэмшүүлж өөрсдөд нь богино хугацаанд үр дүнтэй хичээллэх боломжтойг ойлгуулж өгдөг байв. Нэг хүнээс нөгөөд амаар дамжин, магтан шагших байдлаар тарсаар миний нэр олонд түгсэн юм. Нийгэмд зах зээлийн тогтворгүй хямрал тохиолдсонтой хобоотойгоор түрээслэгч тал түрээсийн үнээ нэмсэн. “Бид зээлээр оруулсан хөрөнгө оруулалтаа дөнгөн данган төлж дуусаж байна” гэж үнэн учраа хэлэхэд ойлгоогүй. Тэгээд л заалаа түр буулгасан. Эргээд заалаа нээвэл өөрийн гэсэн үл хөдлөхтэй болох боломж дээр суурилж нээнэ гээд байршил хайгаад судалж байна. Түүнээс хойш шавь нарынхаа “Олимп” фитнесст болон Олон улсын franchise “Gold’s gym Ulaanbaatar” фитнесст ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад одоо хувиараа сургалт явуулж байна. Мэргэжлийн багшийн сургалтад явж, хүссэн үр дүндээ богино хугацаан хүрэх гэсэн хүмүүс зорин ирж хичээллэдэг. Онцлог гэвэл мэргэжлийн нүдээр тухайн хичээллэгчийн эрүүл мэнд болон бусад онцлог байдлыг харгалзан, түүнд өөрийнх нь биеийг таниулж, мэдрүүлж, ойлгуулж өгдөг. Цаашид өөрийнхөө биетэй хэрхэн зөв харилцаж, ямар дасгал, эрчим, ачаалал, багтаамж болон хоол хүнс, хооллолт тохиромжтой, амьдралын дадал, хэвшил шаардлагатай талаар гол хэрэгтэй зүйлүүдийг зааж өгдөг. Ингэснээр богино хугацаанд үр дүн гарна.

-Та ойролцоогоор хэдэн шавьтай вэ? Олны танил хүмүүс танайд хичээллэдэг үү?

 -Орчин үед спортлог, эрүүл чийрэг амьдарна гэдэг бүтээлч, оюунлаг, амжилттай байхын үндэс юм. Түүнийг зөв сурч, амьдралын дадал хэвшил болгоно гэдэг өөрөө шинжлэх ухаан ч мэдлэг, боловсрол юм. Таргалалт, зүрх судас, элэг өөхлөлт, чихрийн шижин, нуруу, үе мөч зэрэг өвчнөө анагаах зорилготой хичээллэдэг жирийн иргэдээс гадна урлаг, спорт, улс төрийн олны танил эрхмүүд ч зорин ирдэг. Ялангуяа сүүлийн үед тогтсон мэргэжилтэй, бизнестэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, цаг гарган, дасгалжуулалт авах нь их болсон. Багш хүн шавь нараа тоолоод байдаггүй байх аа. Би л лав тоолж байгаагүй юм байна. Шавь нар маань “Багшдаа маш их баярлаж явдаг”, “Хайртай шүү, багш аа” гээд л…Бид харилцан уялдаа холбоотой ажиллаж амьдардаг.

 -Таныг хувийн дасгалжуулалтын эхлэлийг анх тавьсан гэдэг юм билээ. Одоо фитнесс клубийн жилийн төлбөр хэд вэ?

-Би 1987 оны есдүгээр сараас эхлээд жүдо, самбо бөхөөр хичээллэн, Монгол улсад эмэгтэй жүдо, самбо бөх хөгжихөд гар бие оролцож ирсэн.1992-1996 онд ИШДС-ийг дүүргэн, жүдо бөхийн багш дасгалжуулагч болсон. Харин 1998 онд Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд анх удаа зохион байгуулагдсан бодибилдингийн Монголын мисс шалгаруулах улсын аваргын тэмцээнд оролцож жиндээ түрүүлсэн. Мөн үнэмлэхүй аварга болж, “Монголын мисс” цолыг анх хүртэж байлаа. Тэгээд тухайн оныхоо 12-р сараас 2002 оны тавдугаар сар хүртэл Солонгос улсад ажиллаж амьдарч, бэлтгэл сургуулилт хийж, судалж, суралцаж байгаад ирсэн юм. Эх орондоо ирээд тэмцээн уралдаанд тасралтгүй аваргалж, IFBB-гийн Азийн аваргын тэмцээнд улсаа төлөөлөн оролцоод, Монголын бодибилдингийн спортын түүхэнд анх аваргалж, салхи хагалсны зэрэгцээ хувийн дасгалжуулалтаар зааж эхэлсэн түүхтэй. Тэр үеэс хойш улам гүнзгий судалж, “Биеийн тамир болон зохистой хооллолтоор эрүүлжиж чийрэгжих технологи” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, Солонгосын Бодибилдинг, фитнессийн академид суралцаад, мэргэшсэн мэргэжлийн тамирчин, багш дасгалжуулагчийн батламж авч, ахиулан судалж суралцсаар амьдралд хэрэгжүүлж, нийгэмд тустай ажил хийж, иргэдийг төлөвшүүлэхэд гар бие оролцож ирлээ. Фитнесс клубийн төлбөрийн тухайд бол тухайн фитнесс клубүүд тоног төхөөрөмж, хэрэглэлд хэр зэрэг хөрөнгө оруулсан, талбайн түрээс, үйл ажиллагааны зардал зэргээс шалтгаалж, өөр өөрсдийн тогтоосон үнэ төлбөрийг санал болгодог. Хичээллэгсэд заалны зай, талбай болон тоног төхөөрөмж, ус, ариун цэврийн өрөөг ашиглах TAX төлбөрөө зааландаа төлдөг. Үүн дээр мэргэжлийн багшийг сонгон “хувийн дасгалжуулалт буюу ганцаарчилсан сургал”-аар заалгах төлбөрийг тусад нь төлж үйлчлүүлдэг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь эхлэн хичээллэгч нарт шинэлэг санагддаг байх талтай. Харин гаднын улс орнуудад бол анхнаасаа тогтсон энгийн жишиг, дүрэм журам юм. Барууны улс орнуудад хувийн дасгалжуулалтын үнэ нэг цаг нь 90 доллараас эхэлдэг. Манайд бага л даа.

 -Ингэхэд бодибилдингийн спорттой ямар хувь заяагаар холбогдов?

-1998 онд жүдогийн улсын аваргад 52 кг-д түрүүлээд, Азийн тоглолтод оролцох болзлоо ханган, бэлтгэл сургуулилтаа базааж байсан юм. Гавьяат дасгалжуулагч Машбат багш маань бурхны орноо заларсан байсан үе л дээ. Бид Азийн тоглолтод оролцох бэлтгэл сургуулилтад хамрагдаж, бэлтгэлээ базаасаар. Тэр үед удирдаж байсан багш “Тэмцээний зардал болсон, бүтсэн” гээд л ярина. Тэгтэл тэмцээнд явахаас яг гурав хоногийн өмнө “Зардал бүтэхгүй боллоо” гээд бид тэмцээндээ явж чадалгүй хоцорч байв. За тэгээд 1987 оноос хойших 11 жилийн хөдөлмөр талаар боллоо, гол том тэмцээнүүддээ явж чадахгүй юм, ингээд хайран хүсэл мөрөөдөл, цаг, хөлс хөдөлмөр, итгэл найдвар гээд л сэтгэл санаагаар унасан хүн явж байв. Хүчний дасгал бол угаасаа хийж байх ёстой бэлтгэлийн нэг болохоор фитнессийн зааланд хөлсөө гаргадаг байлаа. Тэгж явж байгаад хуурай эгч Эрдэнийн “Энэ анхны тэмцээн болох гэж байна. Чи яг тохирно, орчих” гэсэн ятгалгаар үзээд алдсан юм. Тэгээд л энэ спортын “Эрүүл амьдралын хэв маягт сургадаг нууц”-ыг ойлгож, мэдэх тусам улам гүнзгийрүүлэн судалж, суралцаж, өөр дээрээ туршиж, хэрэгжүүлж, үр дүнг нь шавь нартаа зааж явсаар өдийг хүрчээ.

 -Гадаад дотоодод үзүүлсэн амжилтыг чинь эвдэх нь битгий хэл давтах тамирчин өнөөг хүртэл гараагүй гэж сонссон юм байна. Таны оргил амжилт гэвэл…

 -Монголын бодибилдинг фитнессийн холбоо нь 1991 онд албан ёсоор IFBB буюу Олон улсын бодибилдингийн холбоонд элссэн байдаг юм. IFBB нь Дэлхийн магадлан итгэмжилсэн допингийн эсрэг төв буюу WADA-д хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын бодибилдингийн цорын ганц холбоо л доо. Тиймээс IFBB-гийн тэмцээнээр дэлхийн бодибилдингийн тамирчдын чансааг тодорхойлдог уламжлалтай. МБФХ нь 1990 онд “Сайхан залуу” тэмцээний анхныхыг зохион байгуулж, 1991 онд IFBB-д албан ёсоор элссэнээр “Монголын мистер” тэмцээнийг зохион байгуулж, 1993 оноос олон улсын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Миний хувьд 2004 онд Тайландын Бангкокод болсон 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Батсуурь багшийн хамт явж, анх удаа аваргалсан. Хойтон нь Солонгосын Андонгод болсон Азийн аваргад холбооны нарийн бичгийн дарга, Монголын мистер Энхтайвантай хамт яван, амжилтаа баталж, Азийн хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа харь орны тэнгэрт мандуулж, анхны ОУХМ цолыг авч байлаа. Мөн Азийн залуучуудын аваргын анхны хүрэл, төрснийхөө дараа 2011 онд тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Монгол улсын аваргаар 1998, 2002-2005 онд тодорч, хос үзүүлбэрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2004, 2005 онд болоход нөхөр Золбаярынхаа хамт аваргалсан.аваргалсан 1998, 2002, 2004, 2005 онд улсын үнэмлэхүй аварга болж, “Монголын мисс” цолыг хамгийн олон удаа хүртсэн дээ.

-Бодибилдингийн спортод насны хязгаар байдаг уу?

-Бодибилдингийн спортын гол онцлог үүнд оршдог. Энэ спортод насны хязгаар гэж үгүй. Бодибилдингээр тууштай хичээллэснээр нас ахисан ч эрүүл саруул, эрч хүчтэй, өв тэгш бие бялдрыг хадгалж, бүтээж болдог. Тиймээс ч хүмүүс “Нас хөгширсөн ч булчин хөгширдөггүй” гэдгийг өөрсдийн жишээн дээр харуулдаг. Орчин үед бодибилдинг, фитнессийн тэмцээнийг олон ангилал болон насны ангиллаар зохион байгуулдаг болсон.

-Бодибилдингийг зөвхөн булчин хөгжүүлдэг спорт гэж ойлгодог хүн ч бий. Ер нь энэ спорт зардал ихтэйд тооцогддог шүү дээ. Та зардлаа яаж зохицуулдаг вэ?

 –Бодибилдинг, фитнессийн спортын ид шид их юм. Захын жишээг дурдахад хүний бие махбодын бодисын солилцоог сайжруулах бүх эрхтэн системийг нөхөн төлжүүлж-нөхөн сэргээх боломжийг олгож байдаг. Хичээллэгчдийг эрүүл амьдралын хэв маягт шилжихэд тусалдаг, хөтөлдөг спорт юм. Өөрөөр хэлбэл Хүн өөрийнхөө эрүүл чийрэг, өв тэгш бие бялдартай амьдрах хүсэл зорилго хэрэгцээнд тохируулан хооллож, зохистой дасгалыг сонгон хичээллэж, үр дүнгээ үзэж буй үйл ажиллагааг бодибилдинг буюу өөрийнхөө биеийг бүтээх гэж нэрлэж байгаа юм. Гүнзгийрүүлбэл бие махбодын өвдсөн ба бие бялдрын хөгжлийн хувьд хоцрогдсон хэсгийг онцгойлон засаж, нөхөн сэргээж хөгжүүлэх боломжтойг ойлгуулж өгдөг онцгой сайн талтай спортын төрөл юм. Бодибилдингийн спорт нь нэг талаас насны хязгаар байдаггүй боловч том амжилтын төлөөх тамирчин хүний нөр их хөдөлмөр, цаг хугацааны спорт юм. Аваргууд наад зах нь арван жил хичээллэж байж өв тэгш бие бялдрыг бүтээж, амжилтанд хүрсэн байдаг. Гэтэл зарим хүн хурдан амжилтанд хүрч болох юм гэсэн тамгаар дэлхий нийтэд хориглосон, допингийн төрөлд багтдаг хориотой гормон бэлдмэлийн замбараагүй хэрэглээ ихэсч, энэ спортын талаар эргэн тойрны хүмүүст буруу ташаа ойлголт төрүүлж байна. Эл байдлыг хөөргөдөж өөгшүүл байгаа үйл ажиллагаа нь маш буруу хандлага юм. Бодибилдингийн спортын болон тамирчдын нэр хүндийг унагаж, буруу ойлголт төрүүлж буй асуудал бол мэргэжлийн стандарт бус буруу шүүлт юм. Ямар ч хамаагүй (шударга бус) аргаар том булчинтай нь төрүүлдэг гэсэн буруу ойлголтыг төрүүлж байна. Зарим тохиолдолд тэрхүү биеийн өв тэгш бус харьцаатай том булчингаар улсдаа түрүүлсэн ч олон улсын чанартай стандарт шүүлттэй тэмцээнд хэзээ ч шагналт байранд орох боломжгүй бодит байдлыг тамирчид ялгаж салгаж ойлгох цаг болсон гэж боддог. Бид цахимжсан бизнесийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүс хөдөлгөөний хомсдолд орох болсон.Хүмүүс бодит амьдралаараа бодибилдингийн спортоор хичээллэснээр өвчнөөс урьдчилан сэргийлж, чанартай амьдрах боломжтой гэдгийг нь батлан харуулж байна. Тиймээс ч энэхүү спорт хүмүүсийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж байдаг. Нөгөө талаас дэлхий нийтийн анхаарлыг татах тусам энэхүү спортыг сайн талаас нь дэмжиж, дэлхийн зах зээлд бизнес (муу талын бизнес ч хамт хөгжиж байдаг) болгон өргөжүүлэн хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна. Илүү олон хүнийг хамруулж, өв тэгш, эрүүл чийрэг амьдралд хөтлөх зорилгоор бодибилдингийн спорт нь бикини фитнесс, модель фитнесс, мисс фитнесс, мээнс физик, мээнс фитнесс гээд улам олон ангиллыг бий болгон, тэмцээн зохион байгуулж байна. Ихэнх хүн бодибилдинг, фитнессийн спортыг мөнгөтэй хүний спорт гэж үздэг. Энэ спортод амжилт гаргахын чухал нэгэн үндэс бол яах аргагүй чанартай хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүн юм. Хэрвээ манай гэр бүл өртөг өндөр гээд энэ спортоор хичээллээгүй байсан бол бид эрүүл амьдрахын тулд мөн л эдгээр уураг BCAA Omega3 витаминыг эрүүл мэнддээ зориулж, өдөр тутмын зохистой хэрэглээ болгох л байсан гэж боддог. Бид өдөр тутмын хоолондоо байгалийн гаралтай хүнсийг голчлон хэрэглэдэг. Угаасаа айл болгон л хоол хүнсэндээ тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөдөг. Айлын ундаа, шүүс, амттан авч, гадуур үрдэг мөнгийг бид цагаан идээ, уураг, амин хүчил, омега3, үений тэжээл, амин дэм авахад зарцуулдаг. Тийм болохоор төсвийн хувьд нэг их тасарсан хол ялгаа гарахгүй байх аа. Өдөр тутмын амьдралын хэрэглээнд эрүүл мэндийн боловсрол ба өөр өөрсдөдөө зөв тохируулан хэрэглэх мэдлэг маш чухал байдаг.

-Та хамгийн сүүлд оролцсон тэмцээндээ ямар амжилт үзүүлэв?

-Хамгийн сүүлд төрснийхөө дараа 2011 онд Ази тивийн аваргад оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.

-Сүүлийн үед дасгалжуулагчийн болон компанийнхаа ажлыг голлож байх шиг…

-Тийм ээ. Медальт байранд шалгарсан тамирчинд олон улсын тэмцээнд оролцох эрх, боломж нээгддэг. Гэтэл улсын аварга шалгаруулах тэмцээний медаль гуравхан. Бидний залгамж халаа болох дүү нар маань нэг нь ч гэсэн медальт байранд шалгарч, урам зориг ороосой гэж боддог.

-Тэгэхээр та одоо ч тэмцээнд оролцох боломжтой гэсэн үг үү?

 -Тийм ээ, би хүсэх юм бол цаг заваа гаргаад, тэмцээнд бэлтгээд оролцох боломжтой. Одоогоор хүүхдүүд маань өсөж торниж байна. Би гэр бүлдээ анхаарахын зэрэгцээ “Эрч спортс” ХХК-ийнхаа үйл ажиллагаанд цаг гаргаж байна. Манай орны иргэд болон тамирчдад чанартай биологийн нэмэлт бүтээгдэхүүн шаардлагатай байгааг анзаарч, бүтээгдэхүүний судалгаа болон албан ёсоор импортлох үйл ажиллагаанд их цаг зарцуулж байна. Бас дасгалжуулалтынхаа ажилд илүү төвлөрч байгаа. Энэ ажил бас их цаг шаарддаг юм. Нэг хүнийг дасгалжуулахад 1-1,5 цаг зарцуулдаг. Өдөрт сайндаа л 3-5 хүнд заагаад өдрийн ихэнх цаг өнгөрчихсөн байдаг юм. Дасгалжуулагчийн ажил гэдэг бас их цаг нар, мэдлэг, сэтгэл шаардсан ажил шүү. Шавь нар, хичээллэгчдийнхээ үр дүнд илүү анхаарч, тасралтгүй тууштай байхад анхаарч ирлээ. Цаашдын зорилго маань ч тодорхой болсон.

-Таны дуртай хоол, хоолны дэглэм гэвэл

-Би Монгол орныхоо бэлчээрийн маллагаатай таван хошуу малын ашиг шим тараг, хоормог, айраг, аарц, ааруул, ээзгий, өрөм, бяслаг, шар тос, шимийн архи зэрэг цагаан идээ болон уураг сүүл, борц, шууз, мах шүүс зэргийг хоол хүнсэндээ (улирал, биеийн байдал, өдөр тутмын амьдралын хэмнэлдээ) тохируулан хэрэглэдэг. Тухайлбал өвлийн улиралд нэг өнжөөд хонь, адууны махаар хоол хийж иддэг. Жаахан ядрах, хийдэх үедээ шар тосонд хонины махтай хуушуур хайраад идчихдэг. Долоон ширхэг банштай цай хийж уудаг. Зуны улиралд бол махны хэрэглээг эрс багасгадаг. Тараг, айраг, цагаан идээ түлхүү хэрэглэдэг. Мөн манай орны онцлогоос хамаараад хүний эрүүл мэндэд шаардлагатай байдаг зарим амин дэм, эрдэс, эслэгийг өгдөг жимс, хүнсний ногоо, хоол хүнсний хэрэгцээ хангагдах боломжгүй байдаг. Дэлхий нийтээр энэ талын хэрэгцээг нөхөх боломжийг судалж, эрдэм шинжилгээний ажил хийгддэг. Багш дасгалжуулагч хүний хувьд энэ тал дээр анхаарал хандуулан, орчин үеийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд яах аргагүй нэн шаардлагатай зүйл бол бие махбодын нөхөн төлжилтийг дэмждэг хурдан шингэцтэй бүтээгдэхүүн болох амин хүчил, уураг, омега3, витамин зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг судалж, эрэл хайгуул хийж ирсэн. Ингээд иргэдийн эрүүл мэнд ба тамирчдын амжилтыг дээшлүүлэх зорилгод нийцүүлэн органик гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, нэрд гарсан Англи улсын “PhD nutrition” компанийн бүтээгдэхүүнийг албан ёсоор импортлож байна. Энэ талын мэдлэг сайтай тамирчид төдийгүй сонирхон хичээллэгчид, оюуны болон биеийн хүчний ачаалалтай ажилладаг гээд бүхий л салбарынхан өөртөө тохируулан хэрэглэж байна. -Нэгэн үе эмэгтэй хүнийг эл спортоор хичээллэхэд пүү паа болдог байсан… -Мэдээж нийгмийн сэтгэл зүй, уур амьсгал шинэ зүйл хэмээн хүлээж авсан. Эмэгтэйчүүдийн дунд эрчүүдийн гэх тодотголтой байсан спортыг хөгжүүлж эхлэх нь гайхашрал, эмэгтэй хүн байж бөөр савгүй болно ч гэдэг юм уу олон олон асуулт, эсэргүүцэл, бэрхшээлийг туулж гарах жамаар л явсан, өрнөсөн. Бүхий л дасгал, хөдөлгөөн техниктэй байдаг гэдгийг мэддэггүй болохоор хүмүүс ингэж бодож, ярих нь ч аргагүй юм. Гэтэл эмэгтэйчүүдийн дунд эрчимтэй хөгжиж буй спортын үр дүн, нөлөө нь цаг хугацааны явцад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байна. Эмэгтэй тамирчид үлгэр жишээ, бахархал болон шагшигдах төвшинд хүртлээ хөгжсөөр байгааг харахад үнэхээр сайхан байдаг.

 -Та бол Монголын бодибилдингийн анхны эмэгтэй тамирчны гол төлөөлөгч. Бас бодибилдингийн спортын анхны бөгөөд түүхэн амжилтын эзэн. Тухайн үед та зорилго тавьсан байсан уу? Тэр үед хэр олон эмэгтэй тамирчин байв?

-Тухайн үед үнэхээр бүх боломжоо дайчилж, зорилго тавин хичээллэсэн. Шантрах үедээ “Яагаад монгол хүн тив, дэлхийн аварга болоогүй байгаа юм бэ?! Бусад орны тамирчдаас юугаараа дутна гэж…” гээд дотор хүнтэйгээ ярилцаж хурцалж явсаар, бодибилдингийн спортын хөгжлийн онцгой үе болох анхны гэх тодотголтой Ази тивийн хошой аварга болсон. Түүнчлэн Монголын дөрвөн удаагийн үнэмлэхүй аварга буюу Монголын мисс, “Бөртэ чоно”-ын шилдэг тамирчин, жүдо, самбо, бодибилдинг гээд спортын гурван төрөлд ОУХМ цол, олон амжилт үзүүлсэн. Одоо бодохоор спортын түүхэнд анхны хуудсыг бичин үлдээжээ. Нөгөө талаасаа бол хувь тавилан юм даа. Жишээ нь тухайн үед би спортын гурван төрлөөр анхдагч байя гэж төлөвлөөгүй. Эсвэл надад бодибилдингийн спортоор амжилт гаргаж, түүхэнд нэрээ бичиж үлдээе гэсэн зорилго байгаагүй л дээ. Анхны “Miss Mongolia” 1998 онд болоход бид олуулаа байсан. Эмэгтэйчүүдийн тэмцээн хоёр жингээр зохион байгуулагдахад нэг жинд нь л арваад тамирчин орж байлаа. “Монголын мисс”, Азийн аваргын мөнгөн медальт Жазей, “Монголын мисс” Түмэн-Өлзий, Баасанжаргал, улсын аварга Оюунцэцэг, Мөнхцэцэг, Занданхүү гээд тэр үед төмөр өргөж, тэмцээний тайзан дээр өв тэгш бие бялдрын гайхамшгийг үзүүлж байсан тамирчид болон хичээллэж байсан охид хүүхнүүдийнхээ амрыг эрэн мэндчилье. Та нарынхаа зориг, хүсэл тэмүүллээр жигүүрлэж явсан тэрхүү эрч хүчтэй залуу сайхан насаар бахархаж явдаг шүү.

-Таны гарын шавь нар ямар ямар амжилт гаргаад байна вэ?

 -Гарын шавь нар олон ч тэдний дундаас Цогтбаатар, Мягмарсүрэн, Мөнхтуяа, Цэрэннадмид, Батчулуун, Маргад, Золбаяр… Баг, хамт олон, шавь нар маань тухайн үед IFBB сонирхогчдын холбооны тэмцээнээс хамгийн олон медаль авч, өндөр амжилт үзүүлсэн байдаг юм.

-Таны бодлоор манай тамирчдын төвшин Азид бас дэлхийд хэр байгаа вэ?

-Дэлхийн тамирчдын чансааг, дэлхийн 190-ээд орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB (Олон улсын бодибилдингийн холбоо)-ны тэмцээнээр тодорхойлдог. IFBB нь бодибилдингийн холбоодоос WADA (World Anti Doping Association-Дэлхийн допингийн эсрэг холбоо)-ны цорын ганц гишүүн холбоо юм. IFBB нь мэргэжлийн болон сонирхогчдын холбоо гэж ангилагддаг. МБФХ 1991 онд албан ёсоор IFBB буюу Олон улсын бодибилдингийн холбоонд элссэн юм. Харин 2009 онд тус холбоо их хурал зарлан хуралдаад, хоёр салж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай тамирчдаас Азийн аваргаас Сарангуа бодибилдинг төрөлд хоёр алт, нэг мөнгө, Дорж бодибилдинг төрөлд нэг алт, Цогтбаатар мистер фитнесс ангилалд нэг алт, Төгөлдөр мээнс фитнесс ангилалд нэг алт, Энхбат мистер фитнесс ангилалд нэг алт, Сугарсүрэн боди фитнесс ангилалд нэг алт, Мягмарсүрэн Зүүн Азийн аваргаас нэг алтан медаль хүртээд байна. Дэлхийн чансааг тодорхойлдог IFBB (Олон улсын бодибилдингийн холбоо)-ны дэлхийн аварга хараахан төрөөгүй байна.

 -Та өмнө нь жүдо, самбогоор барилддаг байсан. Тэр тухай ярилцах уу?

 -Жаахан охин байхдаа 1987 онд гавьяат дасгалжуулагч Машбат багшдаа шавь орж байв. Олон охин ирж шалгуулаад жүдогоор хичээллэдэг байлаа. Тэднээс шазруун хэд нь л шигшигдэж үлдсэн, одоо “анхдагчид” хэмээн нэрлэгдэж яваа. Бид одоог хүртэл найзалж, мастер ангиллын улсын болон дэлхийн аваргын тэмцээнд зодоглосоор л. Багш маань бидэнтэй хамт эмэгтэйчүүдийн жүдо, самбо бөхийг хөгжүүлж чадсан. Жүдогийн олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Бид бүх тэмцээнд оролцож, медальт байруудад шалгардаг байв. Миний бие 1993 онд ОХУ-ын Кстово хотод болсон самбогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, ОУХМ болсон. Анхны бидний хэдэн охин 1987-1998 онд өдөр бүр цүнхээ үүрээд, СТО руу дасгал сургуульдаа явдаг байлаа. Биднийг анхаарч дасгалжуулж байсан багш маань тэнгэрийн орноо одосноор заал танхим ч олдохоо больж, бид амьдралын эрхээр энд тэнд ажил, амьдралаа үргэлжлүүлсэн дээ. Одоо шаардлагатай үед уулзацгааж, нэг нэгэндээ тус дэм болж, мастер ангиллын тив, дэлхийн тэмцээндээ зодоглоод л баялаг амьдарч байгаа.

-Яагаад бөхийн спорт сонирхох болов?

-Би бага ангидаа биеийн тамирт сайн, бусдад нь онц авдаг байлаа. Тэгээд их мэрийдэг болж, багшийнхаа хараанд өртсөн юм. Манай гуравдугаар сургуулийн биеийн тамирын багш хөнгөн атлетикийн Азийн анхны аварга, гавьяат тамирчин Намжилмаа агсан байв. Намайг СТО-ы Б зааланд хөнгөний шигшээ багийн дасгалжуулагчид шавь оруулж байсан юм.Б заалны үүдээр том том цүнх үүрсэн 2-3 охин орж ирж, харж зогсож байгаад гараад явдаг болов. Зарим үед нэг цаг дээр бэлтгэл хийж таардаг байсан охиноос “Энэ юун охид орж ирээд явдаг юм бол?” гэж асуухад “Хэд хоногийн өмнөөс охид бөхөөр хичээллэж эхэлж байгаа юм гэсэн” хэмээн их л итгэлтэй хариулсан юм. Би гайхашран “Охид бөх барилддаг юм уу?” гэж асуугаад л. Тэр бодол толгойноос ер салдаггүй. Сураглаж очоод гавьяат дасгалжуулагч Машбат багшдаа шалгуулаад жүдо бөхийн секцэнд орж байлаа. -Та бөхийн төрлүүдээр ямар ямар амжилт гаргалаа? -Самбогийн дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын гурван хүрэл медальтай. Харин жүдо бөхөөр олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль тус бүр нэг, мөнгө гурвыг хүртсэн. Жүдо, самбогийн улсын аваргад хоёр түрүүлж, гурав үзүүрлэн, хоёронтаа гуравт орсон. Хоёулангийнх нь анхдагч ОУХМ хүн дээ, би.

-Тухайн үед эмэгтэй жүдоч, самбочдыг ойлгодог хүн Монголд бараг байгаагүй байх. Та нар хэр эсэргүүцэлтэй тулгарч байв?

-Нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлсөн маш их бэрхшээлтэй үе байсан. Эцгийн эрхт ёстой. Ялангуяа эрийн гурван наадамтай улсад эмэгтэй хүн барилдана гэж юу байдаг юм бэ гэж л ханддаг байлаа. Сүр сүлд, хийморь их ярьдаг, биднийг зааланд бэлтгэл хийлгэхгүй гэж эсэргүүцнэ. Заал сул байсан ч бидэнд түлхүүр нь олдохгүй. Бидний дэргэд багшийг маань элдвээр хэлж, дайрч байсан тохиолдол бий. Багш маань нэг удаа ” За, бүгдээрээ дэвжээтэй болно оо” гээд хэрэгцээгүй болж актлагдсан татаминуудыг заагаад “Эндээс арай гайгүйгээс нь шилээд ялгаад авъя” гэсэн юм. Бид ч ялгасныгаа угааж цэвэрлээд скочоор нааж, ямар ч байсан бэлтгэл хийж болохоор болгоод авлаа. Скоч нь сална, хөл, гар, нүүр үрэгдэж зулгарна. Нэг нэг татамигаа зөөгөөд л, А заалны узелийн өрөөнд, СТО-ы аркны дээд талын нарийхан коридорт, Б заалнаас хоёрдугаар давхрын заал руу явдаг коридорт гээд боломжтой зай талбайд дэвжээгээ засаад бэлтгэлээ хийнэ. Дараа нь дэвжээгээ аль нэг буланд зайчилж хураагаад явна.

-Гэрийнхэн чинь хэр дэмжив?

-Би багадаа өөрөө ч мэдэлгүйгээр зураг зураад тавьчихдаг хүүхэд байсан юм. Одоо бодоход аав, ээж маань дэмждэг байж. Ватум цаас, зургийн дэвтэр, харандаа, усан будаг, сүүлд гуашь, тосон будаг гээд бүгдийг нь авч өгнө. Түүгээр зогсохгүй хүнээс сураглаж байгаад их мундаг зураачид шалгуулж зөвлөгөө авч байсан юм даг. Хүүхэд байсан болохоор тэр мундаг зураачийн нэрийг тогтоогоогүй л дээ. Тэгээд зөвлөснийх нь дагуу ДУДС-ийн бэлтгэл ангид орууллаа. Би том ватум цаас, зургийн дэвтэр бусад хэрэгслээ хийдэг урт целиндр зэсэн саваа сугавчлаад л явна. Яг тэр үед СТО-д хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагчид шавь орж, улмаар Машбат багшдаа шавь орон хичээллэж эхэлсэн дээ. Аажмаар “Зургийн хичээлдээ явлаа” гээд цүнхээ нууж авч гараад СТО руу явдаг охин болсон юм. Гэсэн ч аав, ээж маань миний сонголтыг маш ихээр дэмждэг, өр зээл тавиад ч хамаагүй тэмцээнд явах зардлыг шийдэж өгдөг байлаа. Би сонирхсон зүйлтэй, зорилготой хүн харьцангуй эрт бие даасан байдалтай болдог юм уу даа гэж боддог. Эсвэл би айлын ууган охин болохоор тэр юм уу өдөр нэг их хурдан өнгөрдөг байсан. Маргаашдаа бэлдэнэ, хувийн бэлтгэлээ хангана. Гэртээ болон дүү нартаа анхаарал хандуулна. Хичээлдээ бас секцэндээ явна. Ер нь их л завгүй гүйж явдаг байлаа. -Эмэгтэй самбо, жүдог Монголд хөгжүүлэхэд гавьяат дасгалжуулагч Машбат агсны хувь нэмэр их гэдэг. Та түүний тухай дурсаач… -Багш маань судлаач, их сэтгэлтэй, туршлагатай дасгалжуулагч байсан. Жүдо, самбо барилдааныг хамтад нь хөгжүүлж чадсан. Тэмцээн уралдаан болон дотоод гадаад харилцаа холбоог нэлээд өндөр төвшинд авчирсан. Биднийг нэгбүрчлэн анзаарч, “Тэр маань тийм ийм зан характертэй, биеэ дайчлах чанар нь тийм ийм…Бие бялдрын хувьд тийм төвшинд байна” хэмээн хянаж, тогтмол эмнэлгийн сорилд хамруулдаг байсан. Шаардлагатай үед эцэг эхтэй нь уулзаж ярилцана.

-Та эмэгтэй самбоч, жүдочдын нэг. Танай үеийнхнээс гавьяат тамирчин, ОУХМ цолтнууд олон уу?

 -Самбо бөхийн анхны дэлхийн аварга болсон Бадамсүрэн найз маань анхны гавьяат тамирчин цолыг хүртэж байлаа. Мөн манай анхдагчдаас Эрдэнэт-Од, Дашдулам нар гавьяат тамирчин, бусад найз маань цөмөөрөө ОУХМ цолтой. Дараагийн үе үеийн дүү нараас маань дэлхийн аварга, олимпын медальт, хөдөлмөрийн баатар, гавьяатууд олон төрж байна, бахархаад баршгүй. Тэр үед бид бүгдээрээ жүдо, самбогийн олон улсын чанартай тэмцээнд оролцоод, спортын мастер, дэд мастер, нэг, хоёрдугаар зэрэг гээд эрэмбэтэй болсон байлаа. 1993 оны самбогийн дэлхийн аваргаас 48 кг-д Алтанцэцэг, 57 кг-д би мөнгөн медаль хүртэж, ОУХМ цол хүртэж байв. Шагналаараа тэр үед ховор байсан “Sharp” брэндийн өнгөт зурагт гэр гэртээ авч байсан юм. Гэрийнхэн ч бөөн баяр хөөр болж байлаа. Жүдогоор Эрдэнэтийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, СТО-ы А зааланд болсон олон хотын тэмцээнд түрүүлээд, бас хөөрхөн мөнгөн шагнал авсан юм. Багш маань “Оросууд жүдогоор их сайн. Та нар олон улсын тэмцээнд тэднийг ялж түрүүллээ” гэж сайшааж байсан юм. Улмаар багшийн маань нөр их хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан.

 -Ингэхэд та аль нутгийн хүн билээ?

-Аав Мижиддорж маань Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Насаараа Шуудан тээврийн хоёрдугаар баазад ажилласан. Ээж Хүүхэндүү маань Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, эмч хүн. Насаараа СУЭСНТ-д ажилласан. Би Улаанбаатарт мэндэлсэн. -Та гэр бүлийн хүнээ танилцуулаач… -Манай гэр бүлийн хүн “Монголын мистер” Золбаяр. Бодибилдингийн улсын найман удаагийн аварга, чөлөөт үзүүлбэрийн долоон удаагийн аварга. Биеийн тамирын заах арга зүйч, хууль эрх зүйч мэргэжилтэй.мэргэжилтэй “Дүнжингарав” ХХК-д албаны даргаар 15 жил ажиллаж байна.

-Та хоёр анх яаж танилцаж байв?

 Хоёулаа спортын хүмүүс болохоор давуу тал их байдаг байх… -Би жимд тааралдаж танилцсан гэж бодож байсан. Харин манай хүн “Чамайг барилддаг байхын л мэддэг байсан шүү дээ. Чи намайг харж байгаагүй юм уу?” гэдэг (инээв). Давуу тал маш олон байдаг. Туршлага солилцоно. Нэг нэгэндээ тохиолдож буй асуудлыг шийдэх, ойлголцох тал дээр ямар ч асуудалгүй. Хоол ундны тал дээр санал бодол нэг байдаг учраас эрүүл мэнддээ ээлтэй бөгөөд тухайн байдалдаа тохирсон хоол хүнсийг хийж иддэг. Манай гэр бүлийнхэн миний гарын хоолонд их дуртай.

-Хүүхдүүдээс чинь тамирчин болох нь уу?

-Бид гурван охинтой. Охид маань чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэж, жимд явдаг. Одоо ихэр Цэцэн-Оюун, Цэцэнмарал нар маань аавтайгаа хамт ширээний теннисээр хичээллэж байгаа. Цэцэнмарал охин минь анх удаа бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, өөрийн гэсэн зорилготой болчихсон яваа. Том охин Цэцэнсүндир инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллангаа төгссөн ШУТИС-ийнхаа магистрт сурч байгаа.

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …