Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

Тэрбээр, Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлд уг журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг журамд зарим өөрчлөлт оруулах саналаа Төрийн ёслолын хэлтсээс Ажлын хэсэгт ирүүлсэн. Энэ үндсэн дээр журамд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэнийг дурдав.

Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийоөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ.

Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгагджээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолыг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.