П.Дэлгэрнаран:Саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг эцэслэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн тогтоол баталж, дүнг өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Байнгын хорооны хуралдаанд илтгэл тавилаа.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу амжилттай зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль Коронавирусын халдварт цар тахал дотоодод тархсан амаргүй нөхцөл байдлын үед зохион байгуулагдлаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нийт сонгогчийн 59.35 хувь нь оролцож саналаа өгөв. Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгогчдын ирц харьцангуй бага байсан ч цар тахалтай нөхцөлд сонгуулийг хуулийн дагуу амжилттай зохион байгууллаа гэж үзэж буйгаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцлов.

Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулж, сонгуулийн дүнг эцэслэн гаргаж баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.