Локарно олон улсын 74 дэх удаагийн кино наадам наймдугаар сард болно

Локарно олон улсын 74 дэх удаагийн кино наадам Швейцар улсын Локарно хотноо ирэх наймдугаар сарын 4-14-ний хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар “The Water Garden” кино төслөөр, “Open doors lab” буюу жил бүр найман кино найруулагчийг шалгаруулж, тэдгээрт олон улсын киноны зах зээлийг илүү ойлгуулах, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар зургаан өдрийн тусгай сургалт явуулдаг хэсэгт найруулагч Л.Бат-Амгалан нар оролцохоор сонгогдоод байна.

Өнгөрсөн жилийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын үеэр нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртсэн.

Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн 40,000 шв.франкийн тэтгэлэгт шагналыг хүртсэн бол найруулагч П. Лхагвадулам тус кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртсэн. Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор Нидерландын Роттердам хотноо зохион байгуулагдсан “Rotterdam Lab 2021” 5 өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрхийг авсан.

Швейцарын Гадаад хэргийн яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 19 жилийн турш хэрэгжиж байгаа тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцолж, дэмжиж байгаа бөгөөд энэ жил Монгол Улс “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн онцлох орноор оролцож байгаа сүүлийн жил болж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.