Найруулагч Б.Чингүүний “Six feet” кино АНУ-д нээлтээ хийнэ

Цар тахлын улмаас 2020 онд нээлтээ хийх байсан дотоод, гадаадын олон кино хойшилсон. Гэхдээ дэлхийн кино театрууд нээлтээ хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголын кино найруулагч Б.Чингүүний ээлжит бүтээл “Six Feet” уран сайхны кино эхний нээлтээ АНУ-д хийхээр зарласан байна.
Уг кино нь найруулагч Б. Чингүүний долоо дахь бие даасан уран бүтээл буюу “ Mogul Pictures”– ийн дэлгэцийн 10 дахь бүтээл юм.
“Six Feet” киноны зохиолыг кино найруулагч Б.Чингүүн өөрөө бичсэн бөгөөд 2020 оны цар тахлын хамгийн хүнд үеүдэд зураг авалтууд амжилттай хийгджээ.


Түүнчлэн кинонд Монголын болоод гадаадын залуу чадварлаг жүжигчид тоглож, кино зураг авалтаа АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид хийжээ.
Киноны гол дүрд Монгол талаас жүжигчин Ч.Сэлэнгэ, жүжигчин Б.Болдбаатар нар тоглосон юм. Жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд “18 нас би чамд хайртай”, “Хайр” “Аз жаргал”, “Охид” ОАКино зэрэгт гол дүрийг бүтээж үзэгчдэд танигдсан бол УДЭТ-ын тав дахь Жульеттад тоглосноор тайз дэлгэцийн уран бүтээлчдэд төдийгүй үзэгчдэд өөрийн чадвараа харуулж чадсан юм.
Харин жүжигчин Б.Болдбаатарын хувьд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд, уг кинонд год дүр болон продюсераар ажилласан байна.
Мөн Америк талаас залуу жүжигчин, дуучин Брайан Лопез, Чарльз Смит, Эд Сайтс нар гол дүр ба туслах дүрүүд тогложээ.
90 минутын турш үргэлжлэх уг кино нь адал явдалт, драмын төрлийн кино бөгөөд, цаг хагас үргэлжлэх энэхүү хугацаанд хүний шунал, мөнгөний үнэ цэн, гэр бүлийн хайр, харь нутгийн хүнд хэцүү тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд гунигт түүх болон үлдэх ковид–19, болоод цагдаа нарын гарт харамсалтайгаар амиа алдсан африк гаралтай иргэн Жорж Флойдын талаар ч бодит үнэнг харах боломжтой.
Энэхүү бүтээлийг АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид зургадугаар сарын 12, 13, 19, 20-нд дэлгэцнээ толилуулна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.