Зуны улиралд хий хөдөлдөг тул хэт өлсөж болохгүй

Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хөдөлгөх цаг улирал, ад, идээ унд, явдал мөр гэсэн дөрвөн нөхцлөөр бие махбод аривдаж, хорогдож барагдан тэнцвэрт байдал алдагдаж өвчин үүснэ хэмээсэн байдаг. Мөн өвчнийг анагааж үйлдэх ерөндөг нь идээ, явдал мөр, эм, засал юм. Таван махбод төгөлдөр идээний эрдмээр биеийн таван махбодыг дэлгэрүүлж үйлддэг тул бие махбодын өвөрмөц чанар, тунгалаг цөвийн боловсролт, тухайн амьдарч буй газар орных нь цаг агаар улирлын онцлог байдал нар сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдуулан идээ ундааг хэрэглэх нь өвчинг үүсгэхгүй байх нөхцөл болно. Мөн идээг тохируулан зөв зохистой хэрэглэх нь эрүүл өвчингүй урт удаан амьдрахын шалтгаан болдог учраас бие махбод болон улиралдаа тааруулан зөв зохистой эрүүл хооллох хэрэгтэй.
Зун нь 6-7-р сард үргэлжлэх бөгөөд хур бороо ихээр орж сэвэлзүүр хүйтэн салхи босдог улирал юм. Энэ үед хүний биеийн шар үсний сүвүүд нээгдэж, тэрхүү нүх сүвээр биеийн галын илч гадагшилдаг. Үүний улмаас ходоодны хоол, унд шингээх хүч эрс багасдаг. Тиймээс идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал гэсэн 7 тамир боловсорч, цөв ялгарах бодисын солилцооны үйл ажиллагаа сулардаг. Энэ үед хоолны хэмжээг багасгаж хөнгөн, бүлээн тослог шимтэй идээ ундыг бие махбод, насны байдалд нь харгалзуулж хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ энэ улиралд хийн бэлгэ хийн чанарууд ихсэж, хий хөдөлж байгаа учир хэт өлсөх, хоол сойхыг тэвчиж, шимтэй хоолыг тохируулан хэрэглэнэ.
Өглөөний 3:40-7:40 болон, үдэш 15:40-19:40 цагийн хооронд хийн бэлгэ чанарууд идэвхжиж хөдөлдөг. Энэ үеэр хий дарах бага зэргийн хоол унд хэрэглэвэл зохистой. Өглөө сайтар буцалгаж ширгээсэн усанд бурам, зөгийн бал хутгаж уух, хийцтэй цай болон сүүтэй цайнд бага зэрэг шар тос хутгаад ууж болно. Харин үдшийн цагаар нэг аяга цагаан будааны шингэн зутан, борцтой шөл, хонины махны шөл, шингэн бантан, луувангийн зутан шөл, тараг, хөөрүүлсэн халуун бүлээн сүү зэргийг ууж болно. Хоолондоо сонгино, сармис, цагаан гаа, гоньд, жамц давс зэргийг нэмж болно.

Харин өдөр дунд 11:40-15:40 хооронд шарын бэлгэ чанарууд ихэсдэг учир энэ цагаар хоногийн үндсэн хоол тэжээлээ хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ сэрүүн, хүнд шингэхэд бэрх болон хурц хоол идэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Ямаа, тэмээний мах, хэт шарж хуурсан мах, түүхий бүрэн гүйцэд боловсроогүй үр, жимс, ногоо зэрэг сэрүүн хүнд чадалтай хоол унд нь идсэнээр хий арвидаж ходоодны илч шингээлт буурдаг. Тиймээс аль болох тослог бүлээн чадалтай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундны хэмжээг нь тохируулан хэрэглэвэл тохиромжтой.
Мөн хүйтэн ус, хийжүүлсэн ундаа, зайрмаг идэх, нэг дор ихээр ус уух нь буруу юм. Бадганы бэлгэ чанар ихсэх цаг буюу 07:40-11:40, орой 19:40-23:40 цагийн хооронд усыг хүйтнээр хэтрүүлэн уувал ходоодны галын илчийн хувь барагдаж улмаар зүрх судас болон бөөр өвчилж хаван үүсдэг. Тиймээс энэ цагуудад идэвхитэй дасгал хөдөлгөөн, мөргөл хийвэл биеийн илч үүсэхээс гадна эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Зуны улиралд хур салхитай байдаг учир ус булингартаж ходоод гэдэсний элдэв өвчин үүсдэг бөгөөд газар орон, улирал, усны эрдмээс хамаарч гуравны нэг, гуравны хоёр болтол нь ширгээж хэрэглэдэг. Буцалгаж ширгээсэн ус нь ходоодны галын илчийг үүсгэж, хоолны шигээлтийг сайжруулан зогисуулах, гэдэс дүүрэх, ханиад томуу, шинэ халдварт өвчнийг анагаах тус эрдэмтэй. Буцалгаад нэг хоносон, удсан ус нь хор болж өвчин үүсгэдэг тул уухгүй байх хэрэгтэй. Зуны улиралд хүүхэд нялхас, хөгшин настай хүмүүс илүүтэй хоол ундандаа анхаарах хэрэгтэй. Хоолны хэмжээний хувьд ходоодны 1/4-ийг хоосон үлдээж 3/4-д нь хоол унд хэрэглэнэ. Хоол ундны харьцааг 2/3 нь бүхэл хэсэг, 1/3 нь шингэн байхаар тохируулна. Хүний ходоодны хэмжээ нь өөрийн хоёр алгаа тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг.
Явдал мөрийн хувьд өглөө болон оройн цагаар нимгэн хувцас өмсөхгүй байх, хүйтэн салхи бороонд даарч норохгүй, нойтон чийгтэй газар удаан хугацаагаар суухгүй байх, хүйтэн гол усанд орохгүй байх, хэт өлсгөлөн болон нойргүйгээр удаан явах, шөнийн нойр алдах, бэлгийн ажлыг хэтрүүлэн хийх, сэтгэл санаагаа тогтворгүй байлгах хэт их ярих зэрэг үйл хөдлөлөөр хий хямарч өвчин үүсдэг. Мөн эвшээх найтаах, унгах, өтгөн шингэнээ удаан хугацаанд хүчээр хааж, барьж болохгүй. Зуны улиралд хоол хүнсэндээ тослог бүлээн чанартай шим тэжээлтэй шингэхэд хялбар хоол ундыг ходоодны шингээх хүч болон хэмжээндээ тохируулан хэрэглэх, цаг агаартаа тохируулан зохимжтой хувцаслах, шар тос, сүүлний тос, гүнжидийн үрийн тос зэрэг үрийн тосоор биеэ тослож иллэг хийх, цэвэр агаарт гарч өглөөний наранд биеэ ээх, бие, хэл, сэтгэл санаагаа тогтуун тайван байлгаж шөнийн нойрыг таслалгүй цагтаа унтаж, хоол унд, явдал мөрөө зөв тохируулж дадуулж чадвал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл байж чадна.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.Аюушжав

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №04 /46/

кредит онлайн на карту долгий срок zaymi-bistro.ru онлайн кредит круглосуточно
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.