СХД:12-р ангийн сурагчдад танхимаар давтлага өгч эхэллээ

БШУ-ны сайдын 2021.05.12-ны өдрийн А/171 тоот “Давтлага зохион байгуулах заавар батлах тухай” тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 12-р ангийн суралцагчдад танхимын давтлагыг 2021.05.17-ны өдрөөс 2021.06.17-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зохион байгуулахаар баталсан. Үүний дагуу ЕБС-иуд эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн өчигдрөөс эхлэн танхимын давтлага хичээллэж эхлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай болон бусад хэлтэс албадын удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй 9-р сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж амжилт хүслээ.

Мөн дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар анги танхимийн ариутгал, халдваргүйжүүлэлт, “Covid”-19 халдвараас урьдчилан сэргийлэх дэглэм мөрдөх, сурагчдыг давтлагад идэвхтэй хамруулахад хэрхэн анхаарч буй талаар 9-р сургуулийн удирдлагуудтай мэдээлэл солилцон, ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 27 сургуулийн төгсөх ангийн 2212 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна. Дүүргийн Засаг даргын санаачилгаар төгсөх ангийн сурагчдад онцгой анхаарч шалгалтад амжилттай оролцоход туслах, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх “boom” төслийг хэрэгжүүлж байгаа.

“Boom” төслийн хүрээнд

• 12-р ангийн 2000 гаруй суралцагчдад Мобиком корпорацитай хамтран дататай дугаарыг үнэгүй олгосон.

• “Багшийн туслах 800” апп-ны 1 сар ашиглах эрхийг 2207 суралцагчдад үнэ төлбөргүй олгосон.

• Дүүргийн шилдэг багш нар (математик, монгол хэл, нийгэм, англи хэл, физик, хими, биологи) гүнзгийрүүлсэн давтлагыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад 14:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль дээр pcr шинжилгээ, дархлаажуулалтын вакцины суурин цэгүүд байрлан ажиллаж байсан. Эдгээр сургуулиуд дээр халдварын эсрэг ариутгал, халдваргүйжүүлэлтийг гурван удаагийн давтамжтай хийсний дараа сурагчдыг хүлээж авсан бөгөөд нэг ангид 8-10 сурагчдад гурван ээлжээр хичээллэж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.