Ж.Байгалмаа:Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.21/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хатуу хөл хорио гэж юу вэ?

-Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэ арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон. Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн хөдөлгөөн хасах утга руугаа орж буураагүй.

Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм. Шинжилгээнд илрэх эерэг хувь 5 байсан бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон. Өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн хасах үзүүлэлттэй байсан. Цагаан сарын үеийнх мөн хасах 40 хувьтай, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна.

Хөл хорио энэ сарын 25-нд дуусвал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжлүүлбэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.

Хөл хориог сунгасан ч хөдөлгөөн эерэг утгатай байвал тохиолдлын тоо буурах уу?

-Хөл хорионы үед хөдөлгөөн хасах утгатай байж өвчлөл буурч, үр дүн гарна. Тиймээс иргэд хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, гадуур гарахгүй  гэртээ байх хэрэгтэй.

-Астра Зенека вакцин ирсэн үү?

-Астра Зенека вакцины 50 мянга гаруй тун өнөөдөр ирнэ. Хоёр дахь тунг цагдаа, онцгой зэрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа ажилчдад хийнэ.

-ХӨСҮТ-ийн зүгээс хориог сунгах саналтай байгаа юу?

-Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй. Хэрвээ 25- нд дуусгавар эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна.

Бид хөл хориог цуцлахдаа тодорхой үе шаттайгаар цуцлах ёстой. Өмнөх хөл хорионы дэглэмийг цуцлахдаа бүх үйл ажиллагааг зэрэг нээсэнтэй холбоотойгоор халдварын тархалт эрс нэмэгдсэн. Тиймээс тодорхой үе шаттайгаар хөл хориог буулгах зөвлөмжийг боловсруулж УОК хүргэнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.