Ж.Байгалмаа: 6705 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж, хяналтад байна

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу?

-Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээ нь өндөр өртөгтэй шинжилгээ байдаг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсан иргэд заавал уг шинжилгээг өгөх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна.

-Вакцины хийлгээд халдвар авсан хэдэн хүн байна вэ?

Хамгийн сүүлийн байдлаар 617,183 хүн вакцинд хамрагдсанаас 2304 хүн буюу 0.04 хувь нь халдвар авсан байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 74 хувь нь вакцин тариулснаас хойш 0-21 хоногийн хугацаанд халдвар авсан байгаа.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглагдаж буй дөрвөн вакцин нь “SARS-CoV-2” вирусээс 70-95 хувьтай гэх тоо байна. Өөрөөр хэлбэл энэ нь та вакцин хийлгэсэн ч вакцин таныг халдвар авахаас 70-95 хувь хамгаална гэсэн үг.

Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсаны дараа 100 хувь хамгаалагдлаа гэж үзэж болохгүй. Үндсэндээ вакцин хийлгэсэн, хийлгээгүйгээс үл хамаараад амны хаалт зүүх, зай барих, гараа тогтмол угаах зэрэг гурван дэглэмээ өдөр тутам амьдралын хэв маягтаа хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна.

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх шаардлагатай юу?

Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлага байхгүй. Бид байгууллага, аж ахуй нэгжүүдэд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг буцаад ажилд нь оруулахдаа шинжилгээ битгий нэхээч гэдгийг хэлж байгаа. Хэрэв халдвар аваад эдгэрсэн тухайн хүн маань эмнэлэгт эмчлэгдэж байсан бол эмч, эмнэлгээсээ эмчлэгдсэн гэдэг магадалгаа авна. Гэрээр тусгаарлалтад байсан иргэд харъя дүүргийнхээ өрхийн эмчээс магадалгаа аваад, тэрийгээ үзүүлээд зорчих боломжтой.

-ХӨСҮТ-ийн ачаалал хэр зэрэг байна вэ?

-Халдварын тархалт, өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвхөн үндсэн гурван эмнэлгээс гадна нийслэлийн бүх дүүргийн эмнэлгүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэхээр ор дэлгэсэн. Үндсэн гурван эмнэлгийн ачаалал нэмэгдэж, нөөц, хүн хүчний дутмаг байдалд орж байгаагаас шалтгаалан ЭМЯ-наас цаашид ор дэлгэсэн эмнэлгүүдэд хүнд болон маш хүнд өвчтөнүүдийг эмчлэх зохицуулалтыг хийгээд явж байна. ХӨСҮТ-ийн хувьд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар хүндээр өвчилсөн 28, нэн хүнд 7 буюу нийт 35 хүнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна.

Хүнс тээврийн жолооч нар PCR шинжилгээ өгч хот хооронд зорчиж байгаа. Гэвч шинжилгээний хариу гарах хүртэл 10 гаруй хоног хүлээх хүндрэлтэй байдал үүсгэж байна.Үүнд ямар нэг зохицуулалт хийгдэх үү?

-Зөвхөн шинжилгээ төдийгүй, тандалт, эмнэл зүйн тусламж үйлчилгээтэй холбоотой, удирдамж, түр заавар халдварын тархалтын үе шатаас хамаараад шинэчлэгдэж байгааг хэлье.

Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд ямар зохион байгуулалт хийгдэж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 6705 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж, хяналтад байна. Эдгээр хүмүүсийн 4146 нь гэрийн хяналтад, 2559 нь гэрийн тусгаарлалт хяналт дууссан, эсвэл эмнэлэгт шилжсэн гэх төлөвтэй байгаа. Цаашид тохиолдлын тоо нэмэгдсэн, ялангуяа өндөр эрсдэлтэй буюу 60-аас дээш насны, архаг суурь өвчтэй, дархлаа дарангуйлагдсан, хавдар болон бусад өвчтэй, хүндрэх эрсдэлтэй хүмүүсээ тодорхойлоод ойрын хавьтал болсон эсвэл шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээний хариу хүлээлгүйгээр яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамж, түр захирамж гараад шинэчлэгдэж байгаа.

Халдвар авсан хүмүүсийг өмнө нь шуурхай тусламжийн баг эмнэлэгт хүргэдэг байсан. Одоо бол энэ үйл ажиллагаа дүүргийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад шилжсэн байгаа. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд маань өмнө нь зөвхөн очиж шинжилгээ авдаг байсан зохион байгуулалтаа дотооддоо өөрчилж батлагдсан тохиолдлуудыг эмнэлгийн тусламжид яаралтай хүргэх арга хэмжээ, зохицуулалтыг хийгээд явж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …